Тусгаарлалтаас гарсан жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хүмүүсийг тусгаарлах байрнаас гарснаас нь хойш хянаж, танддаг. Энэ дагуу дээрх жолоочид гарснаас нь 4 хоногийн дараа тандалт шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Жолооч, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь 1 болон 4 настай. Хашаанд нь ээж, аав нь байдаг. Тэднийг бүгдийг нь ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээний сорьц авсан. Жолооч хаанаас коронавирус авсныг тогтоохоор ажиллаж байна. Жолооч тусгаарлалтын явцад халдвар авав уу, өмнө нь авсан байсан халдвар хожуу илрэв үү гэдэг нь тандалтаар тодорхой болно. 

Энхсаран сувилалд халдвар алдагдсан байж болзошгүй гэдэг таамаглалын дагуу бид тандалт явуулж байна. Хариу нь удахгүй гарна. Дээрх таамгийн үүднээс Энхсаранд байсан бүх хүнийг ХӨСҮТ-д шилжүүлж тусгаарласан" хэмээлээ.

Мөн тэрээр "Одоогоор нийт 1000 орчим орыг бэлэн байдалд бэлдээд байна" гэв.