Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхааран ажиллаж байна.

Нэгдүгээрт, тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас явуулж буй хариу арга хэмжээг олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар өчигдөр ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө.

Энэ үеэрээ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей ДиордицаКоронавируст цар тахлыг Монгол Улс хохирол багатай даван туулахад ДЭМБ-аас бүхий л талаар дэмжин хамтран ажиллана. Бид цаашид хэрэгцээтэй байгаа бусад тоног, төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.МөнхсайханӨнгөрсөн хугацаанд бид коронавирусийн эсрэг бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглана. Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний хүрэлцээ чухал байдаг учраас эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна.

Өнөөдөр бид Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, эмнэлгүүддээ хүлээлгэн өглөө.

Мөн хүний нөөцийн хувьд байдал хүндэрсэн үед ажиллах хүмүүсийн жагсаалт гарч, бэлтгэгдсэн байгаа. Цаг үетэйгээ уялдуулан эмнэлгүүдийн эрчимт эмчилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Яармагийн шинэ эх хүүхдийн эмнэлгийн тоног, төхөөрөмжүүдийг суурилуулж байна. ХӨСҮТ-ийн хувьд эрчимт эмчилгээний тасаг 20 амьсгалын аппараттай. Маргаашаас нэмэлт аппаратуудыг суурилуулна. Хүний нөөцийн хувьд төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад ороод ажиллаж байна” гэлээ.