Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд энэ сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 14 хоногийг хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хугацаанд 15 чиглэлийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсооно. /Энд дарж уншина уу/

Шийдвэрийг танилцуулах мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх 12 дугаар сарын 16-нд коронавирус илэрсэн. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 62 тохиолдол батлагдаад байна. Тэдний 35 нь эмчлүүлж байсан өвчтөн /8 нь энэ сарын 11-16-ны хооронд эмнэлгээс гарсан/, 12 нь эрүүл мэндийн ажилтан, 6 нь сахиур, 9 нь халдвартай иргэний гэр бүлийнхэн байна. 

Баянзүрх дүүрэгт үүссэн коронавирусийн халдварын голомт хаанаас эхлэлтэй, халдвар хэрхэн тархсан тал дээр тодорхой судалгаануудыг хийж байна. Эмнэлэгт бариа засал, физик эмчилгээ, уламжлалт эмчилгээнүүд хийгддэг. Эдгээрээс дотроо халдвар тархсан. Халдвар авсан хүний тоо нэлээд байх магадлал байна. Эрсдлийн үнэлгээнүүдийг хийгээд, зарим хүнийг тусгаарлах байр руу шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 248 хүн тусгаарлагдаж байна" хэмээлээ.