Дэлхийн гэрлэсэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Каролин Жури өнгөрөгч Ням гарагт зохион байгуулагдсан Шри Ланкагийн гэрлэсэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Пушпика Де Силвагийн толгой дээрээс титмийг нь хүчээр салгаж авснаасаа болж цагдаагийн хяналтад оржээ. 

Пушпика Де Силвагийн мэдэгдэж буйгаар Жури титмийг нь хүчээр чангаан салгаснаас болж гэмтэл авчээ.

BBC агентлагийн мэдээлснээр Жури болон дэд байрын шагналт Чула Падмендра нар хүний биед санаатай гэмтэл учруулсан хэргээр буруутгагдаж байгаа гэнэ. Тэдний төлөөлөгчид олон нийтийн асуултад хариу өгөөгүй байгаа юм. Гэсэн ч тэд одоогоор батлан даалтад гарсан бөгөөд энэ сарын 19-ний өдөр шүүх хурал болох аж.

Colombo Gazette агентлагаас олон нийтэд цацсан титэм гардуулах үеийн бичлэгээс үзвэл Жури "салсан хүн титэм хүртэх эрхгүй" хэмээн мэдэгдээд титмийг салгаж байгааг үзүүлсэн юм. 

Титэм гардуулах үеийн бичлэг:

Тэрээр үзэгчдэд хандан "Энэ тэмцээнд мөрдөх ёстой журмуудын нэг бол оролцогч гоо бүсгүй салсан биш гэрлэсэн байх учиртай. Тиймээс би титмийг буцааж дэд байрт шалгарсан бүсгүйд гардуулах болно" хэмээжээ. Тийнхүү тэрээр ялагчийн титмийг хүчээр салгаж, дэд байрын бүсгүйд гардуулсан бөгөөд Де Силва тайзыг орхиж байгаа бичлэг цацагдсан. 

Тэгвэл Даваа гарагт Де Силва өөрийн Фэйсбүүк хуудаснаа өөрийгөө салаагүй, тусдаа амьдарч байгаа гэдгээ мэдэгдэж, Жури титмийг хүчээр салгасан нь гавлын ясанд нь гэмтэл учруулсан гэж бичжээ. 

Тус постод тэрээр "Тэмцээний бэлгэ тэмдэг бүхий титэм надад эргэн ирсэн ч би тайзан дээр болсон гутаан доромжилсон хандлага бүхий шударга бус үйлдлийн эсрэг хуулийн арга хэмжээ авсан" хэмээн мэдэгдсэн байна. 

Шри Ланкагийн гэрлэсэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний гол зохион байгуулагч Чандимал Жаяасингийн мэдээлснээр хэрэгт холбоотой бүх хүн мэдүүлэг өгчээ. Мөн Де Силва титмээ эргүүлсэн авсан бөгөөд Журиг албан ёсоор уучлал гуйхыг ч хүлээж байгаагаа хэлсэн байна. Түүний хэлснээр "Бидний урам маш их хугарлаа. Каролин Жури тайзан дээр хэрхэн зохисгүй биеэ авч явсан нь үнэхээр шившигтэй байсан. Тиймээс ч дэлхийн гэрлэсэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдын зүгээс өөрсдийн шалгалтыг эхлүүлсэн" гэжээ. 

Хэрэв дэлхийн гэрлэсэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид Каролин Журиг буруутай гэж үзвэл тэрээр өөрийн титэм, цол хэргэмээ хураалгах юм. 


Эх сурвалж: Microsoft News