БЭЭЖИН. /CNN/. Богино хэмжээний дүрс бичлэг хийж байршуулдаг “TikTok” хавсралтыг хөгжүүлсэн Бээжинд төвтэй “ByteDance” компанийн хавсралтуудын сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан байна.


Энэ талаар компанийн удирдагууд Шанхайн кино наадмын үеэр олон нийтэд мэдэгдсэн бөгөөд тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн “CNN Business” сувагт мэдээлснээр, хэрэглэгчдийнх нь тоо энэ оны эхээр нэг тэрбум давжээ. 


ByteDance” компани нь мэдээний “Jinri Toutiao”, дүрс бичлэгийн “Top Buzz”, гэрэл зургийн “FaceU” зэрэг 10 гаруй хавсралтыг хөгжүүлснээс хамгийн өндөр амжилтад хүрсэн нь “TikTok” хавсралт юм.


"Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар, “Apple” компанийн “App Store”-оос хамгийн их татагдсан хавсралтаар “TikTok” таван улирал дараалан шалгарсан" гэж “Sensor Tower” зах зээлийн судалгааны фирм мэдээлжээ. Мөн энэ оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар хамгийн их татагдсан хавсралтуудын гуравдугаарт шалгарсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард “TikTok” хавсралтын татагдсан нийт тоо нэг тэрбум хүрснээс АНУ-аас 100 сая, Энэтхэгээс 250 сая орчим удаа татсан байна.


Ташрамд дурдахад, “Tencent” компанийн “WeChat” нийгмийн сүлжээний хавсралтыг хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд нэг тэрбум хүрсэн хэдий ч тэдний ихэнх нь Хятадын иргэд байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг