Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өнөөдөр 18:00 цагаас эхэллээ. Цагийн зөрүүгээр маргааш өглөөний 06 цаг хүртэл ассамблей үргэлжилнэ. Гол сэдэв нь "КОВИД-19". БНХАУ-ын дарга Ши Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэллээ.

Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, "КОВИД-19"-ын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн бол Мүн Жэ Ин хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид Коронавирустэй амжилттай тэмцэж байна. Бид 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж парламентын сонгуулиа хийлээ гэв.

ДЭМБ-ын ЕНБД Т.Гейбрейсус 73-р ассамблейд хэлсэн үгэндээ ,

"Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. КОВИД-19 эхэлж байхад улс орнууд бүх зүйлээ мэдэж байгаа гэж бодсон. Гэвч аль ч улс орон бэлэн биш байжээ. Нөхцөл байдал амаргүй, урт хугацаа ч шаардах нь. Коронавирустэй тэмцэх шидэт арга бидэнд алга. Гар барих төдийд л амь насанд аюул учрах ийм нөхцөлд бид байна. Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг "байранд" нь тавилаа. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч чимээгүй "ажлаа" хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй. ҮНДЭСНИЙ ТҮШИНД ЭВ НЭГДЭЛ, ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хэзээ хэзээнээс илүү чухал байна. Эрүүл мэнд бол тансаглал биш хэрэгцээ юм. Хэн эрүүл мэндэд хөрөнгө оруулна тэр хөгжинө. Энэ бол зардал биш зүгээр л хөрөнгө оруулалт. Эв нэгдлийн бүрээг илүү чанга үлээх нь бүх зүйлийг боломжтой болгодгийг та бид 40 жилийн өмнө цагаан цэцэг өвчнийг устгахдаа баталсан . Илүү аюулгүй, илүү шударга, илүү эрүүл дэлхийн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэсэн байна.