УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Сонгууль болж өнгөрлөө. Санал автоматаар уншигч хар хайрцагийг 2012 оноос хэрэглэсэн. Гэвч 100 хувь итгэл, найдвартай байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар ч хуулийн дагуу тус хар машинаар тооллого явууллаа. Өнгөрсөн сонгуулиудаас хамгийн олон буюу нийт 121 бие даагч нэр дэвшсэн. Иргэд одоо нам гэхээс илүү хүнийг нь харж сонгоно гэж байсан. 

Би 19-р тойрог, Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Сонгуулийн сурталчилгааны 20 хоногт тус аймагтаа ажилласан. Сонгогчид болон өрсөлдөгч намууд намайг нэгээр гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан. Ийм байдалтай сонгуульд оролцсон.

Харамсалтай нь зөвхөн бие даагч нар дээр сонгуулийн машинд байхгүй "таслал орон"-гийн формат хөндлөнгөөс орж ирсэн. Ийм формат байхгүйг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүн зарлахын өмнө мэдэгдсэн. Гэтэл сонгуулийн дүн харуулах самбар дээр бие даагч нарын авсан саналын тоон дээр таслал гарч ирсэн. 

Тухайлбал, миний санал 7,311 гэж гарсан хэрнээ 11652 сана авсан хүний өмнө буюу нэгдүгээрт бичигдсэн. Энэ бол хөндлөнгийн excel программаар хийсэн хакер ажиллагаа. Би 14662 хүний санал аваад нэгээр гарч ирж байхад энийг шууд 2-т хуваахад excel дээр 7,311 гэж таслалтай гарч ирдэг. Тэгээд дэлгэц өөрчлөгдөхөд би 15442 саналаар дөрөвдүгээр байранд орж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр миний 7311 иргэний санал алдагдсан. Тэгэхээр миний авсан эцсийн санал бол 24000 буюу нэгдүгээрт бичигдэх хэмжээнд болно. Миний алдсан 7000 гаруй санал бусад хүний санад дээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН руу нэмэгдэж орсон. Энэ байдал зөвхөн над дээр биш, бүх тойрогт рейтинг нь өндөр байсан бие даагч нар дээр давтагдсан. 

Хан-Уул дүүрэгт гэхэд Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил, Н.Номтойбаяр, Ц.Цолмон нар дээр таслал гарч ирсэн. Хар машинд ийм таслал байхгүй" хэмээлээ.