HeForShe хөдөлгөөн УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Unread Media байгууллагуудын дэмжлэгтэйгээр 7 дугаар сарын 8-ны өдөр Төрийн Ордны Их Танхимд HeForShe хөдөлгөөний албан ёсны нээлт болох гэж байна.

Энэ хөдөлгөөний Монгол дахь нээлтийн ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хүндтэй төлөөлөгчид, олны танил эрхмүүд болон тэгш байдлын төлөө сэтгэлтэй залуус, иргэд нийлсэн 1000 хүн цуглаж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгэл хөдлөм түүхүүдийг хуваалцах аж.

2014 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллага, Их Британийн жүжигчин Эмма Ватсон нар хамтран жендерийн тэгш байдлын төлөөх HeForShe хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ. Эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхах, сөрөг хандлага гаргахын эсрэг, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, амлалт өгч, эвлэлдэн нэгдэхийг уриалах нь энэхүү хөдөлгөөний зорилго юм

HeForShe гэдэг нь үгчлэн орчуулбал, “Эмэгтэй хүний төлөө эрэгтэй хүн” гэсэн үг. Хөдөлгөөний амин сүнс нь тэгэхээр “жендерийн тэгш байдал бол эмэгтэйчүүдийн л асуудал” гэх өрөөсгөл хандлагыг эцэслэх, эмэгтэйчүүдийг гэр бүл, сургууль, ажлын газар гээд бүхий л орчинд дэмждэг, өөрсдийнх нь хүчин чармайлт чухал болохыг хүлээн зөвшөөрсөн эрчүүд, залуучууд, хөвгүүд юм. Тийм ч учраас HeForShe хөдөлгөөнд Барак Обама, Английн ханхүү Харри, жүжигчин Матт Даймон тэргүүтэй дэлхийн топ эрэгтэй лидерүүд, олны танил хүмүүс маш олноороо нэгдээд буй. Улс орнуудын засгийн газрууд, томоохон компаниуд, их сургуулиуд тус хөдөлгөөнд ээлж дараалан нэгдсээр байна.