Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хоёрдугаар төвшний, тойрог хэлбэртэй зам барих шийдвэр гаргасан.

Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлэх “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барихаар төлөвлөжээ.

Энэ нь 6-12 м өндөрт 13 км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байх учраас замын хөдөлгөөний түгжрэлийг 46.5 хувиар бууруулна хэмээн үзэж буй. Орох, гарах 27 цэгтэй бөгөөд үүгээр зорчсон иргэдээс хураамж авах аж.

Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс 6.5 км зам туулах болгонд нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж авна. Ингэснээр зургаан жилийн дотор зээл болон хүүгээ төлж дуусгана гэсэн тооцоо гаргаад буй. Бүтээн байгуулалтыг 2-3 жилийн дотор дуусгахаар төлөвлөжээ.

Энэхүү зам Сансрын аюулгүйн тойрог -Зүүн дөрвөн зам-“Нарантуул”-“Дүнжингарав”-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-Зуун айл гэсэн чиглэлд уг зам холбогдох юм.