өрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2005 онд батлан,  2006 онд хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ.

Иймд дахин төсөл боловсруулсан байна.

УИХ-ын гишүүд тендерт шалгарсан ч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг олон нийтэд ил тод болгож, үйл ажиллагааг нь хязгаарлах, ногоон худалдан авалт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд хуульд тусгах, үнэлгээний шатнаас эхлээд тендер шалгаруулах ажиллагааг шударга, ил тод болгох шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн тендерийн талаар гомдол гаргахад барьцаа төлбөр тавихаар хуульд тусгасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгааг дурдав.

Харин ажлын хэсэг сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтыг санаатайгаар удаашруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гомдол, маргаан гаргах байдал нэмэгдсэн. 2017 онд 5900 орчим тендер зарласны 813 тендерт гомдол, санал ирсэн. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс тендерт оролцогч нь гомдол гаргахдаа 20 сая хүртлэх төгрөгийн төлбөрийг барьцаа болгож Төрийн санд байршуулж, хариуцлагажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.