Сансрын технологи гэж юу вэ, түүнийг бид хэрхэн ашиглаж байна, тэд сансарт  тэмүүлж байхад бид яах вэ, сансар яагаад шинэ зах зээл болов гээд сансрын шинжлэх ухаан, технологи тойрсон үй түмэн асуулт бий. Эдгээрийн заримд хариу хайж “Тэмүүлэл” подкаст Монголын хиймэл дагуулын инженерчлэлийн анхны багийн гишүүдтэй ярилцлаа. МУИС-ийн физикийн тэнхимийн дэд профессор, Монголын сансрын технологийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, Монголын сансрын технологийн холбооны УЗ-ийн гишүүн, ерөнхий инженер, доктор Т.Төртогтох нарыг урилаа. Япон улсад сансрын технологийн инженерийн мэргэжил эзэмшсэн тэд хоёр дахь хиймэл дагуул болох "Тэмүүлэл" төсөл дээр ажиллаж байна.

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Тэмүүлэл”  подкастын эхний дугаар. 



- Марс В төслийн санаачлагч УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотой юм болов уу “Ингэж нисэх юм гэнэ ээ” гээд 40 литрийн хорхогтой бидон нь тэсэрч дээш хөөрч байгаа хөгжилтэй гэхээсээ эмгэнэлтэй нь давамгайлсан зураг сошиалд түгсэн. Хүмүүс  ядуу амьдрал, эмзэг эдийн засгаа яая гэж байж бас сансарт нисэх гэнэ гэдэг байдлаар хандсан л даа. Үнэхээр бид сансрын технологи, түүний хэрэглээ, ер нь сансрын асуудлыг ахуй амьжиргаагаа шийдсэний дараа ярих ёстой юу?  

Д.Эрдэнэбаатар: Өөр үзэх, ярих сэдэвгүй л юм байна даа гэж бид бодсон. Уг нь яг жинхэнэ бодитой юм яривал ярихаар юм их бий л дээ.  


- Та бүхэнд энэ мессеж ямар сэтгэгдэл төрүүлсэн бол?  

Т.Төртогтох: Ер нь гунигтай. Инженерчлэл талаас нь харъя. Хошигновол 40 литрийн бидоныг пуужин болгоё гэвэл хөөрнө, сансар луу жаахан дөхнө. /инээв/ Гэхдээ сансарт гарахгүй л гэдэг санаа. Тэрнээс цаашаа ярих юмгүй гэсэн үг. Үнэнийг хэлэхэд энэ нь маш харамсмаар. Бусад улс орнууд, тухайлбал африкийн орнууд сансар, хиймэл дагуул ярьж байна. Олон нийтийг  амруулж чадахгүй байгаа болохоос биш бид ч өөрсдөө хийгээд, хийснээ ярьдаг.  

Д.Эрдэнэбаатар: Бодит байдлаа маазрал хошигнолоор зүгээр л алга болгож байгаа юм шиг. Цаана нь ямар асуудал байна, бидэнд юу байна гэдгийг ул суурьтай ярилцаж байсан явдал  цөөн.  


- Тэгвэл бидэнд сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хөгжилд оролцох бодитой ямар боломж байна?  

Д.Эрдэнэбаатар: Технологи талаас нь яривал бидэнд маш их боломж байна. Ер нь аль ч цаг үед, хөгжиж буй нийгэмд аль нэг технологийг барьж аваад суралцаад, эзэмшээд, хэрэглээд, оролцоод явах бүрэн боломжтой. Түүний суурь нь бидэнд байх ёстой. Суурь гэдэг нь суурь шинжлэх ухаан, бизнес-аж үйлдвэрийн хөгжил юм. Эдгээр сэтгэлгээний болон боловсролын суурь тавигдсан нөхцөлд шинэчлэгдэж байгаа технологийг бариад л авна. Жишээ нь, Nokia гар утсыг дэлхий нийтээрээ барьдаг, хэзээ ч дийлдэхгүй юм шиг байсан цаг хугацаа саяхан. 

Хятад, Өмнөд Солонгос улсыг гар утас хийнэ гэж хэдэн жилийн өмнө хэн ч тааварлаж байсангүй. Гэтэл эдгээр улсад суурь нь байсан учраас технологийг нь эзэмшээд өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Яг үүн шиг хөгжиж, шинэчлэгдэж байгаа сансрын технологийг сурч эзэмшиж, дэлхийд тоглогч байх боломжтой гэсэн итгэл үнэмшил бидэнд байгаа учир өнөөдрийг хүртэл итгэл үнэмшлээрээ явж байна.  

Д.Эрдэнэбаатар

- Тухайлбал өнөөдөр алслагдсан газрын малчинд, хотын захын Дондогт сансрын технологи ямар хэрэгтэй юм бэ гэж асуувал?  

Т.Төртогтох: Аливаа технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилж, хүндрэл бэрхшээлтэй зүйлүүдийг хялбаршуулж байдаг. Жишээ нь, малдаа явсан хүн сураггүй болсон байна гэж бодъё. Тухайн хүнийг эрэн хайхад их цаг хугацаа, хүн хүч зарцуулна. Хэрвээ тухайн малчин цаг агаарын нөхцөл байдал амаргүй байгааг мэдээд, биедээ хиймэл дагуулаас олж мэдэх ямар нэгэн биет авч явсан бол тухай хүнийг олоход ядах юмгүй. 

Өөрөөр хэлбэл, энгийн механик аргаар 24 цаг зарцуулж, олон машин техник, олон хүн оролцох бол хиймэл дагуулын тусламжтай хэд дахин бага хугацаа, зардлаар зорилгоо биелүүлнэ гэсэн үг. Бид өдөр тутамдаа аюулгүй аж төрөхөд сансрын технологи чухал үүрэгтэй. Тиймээс ч манай улс аль хэдийн сансрын технологийн хэрэглэгч болсон. Жишээ нь, Google maps, GPS–ийг олон хүн ашигладаг. Бидний гар утсанд технологийн олон шийдэл бий.

Сансрын технологийг онцгой  байдал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд олон салбарт бүтээлчээр ашиглаж болно.  

Д.Эрдэнэбаатар: Өнөөгийн гар утас, харилцаа холбоо, интернетийг сансрын технологигүйгээр төсөөлөх боломжгүй. Мөн агаараас авч байгаа бүх зураг сансрын технологитой холбогдоно. Бид цаг агаарынхаа мэдээг сансрын технологийн тусламжтай авч байна. Манай онцгой байдлын салбарынхан гадаадын хиймэл дагуулын мэдээлэл дээр үндэслэн ой хээрийн түймрийн мэдээллийг олж мэддэг гэх мэт. Алслагдсан газрынхан сансрын хиймэл дагуул ашиглан холбоо барих, мэдээлэл дамжуулах боломжтой.  


-Бид ямар үнэ өртгөөр эдгээр боломжийг ашиглаж байгаа бол. Энэ талаар судалж байв уу? 

Д.Эрдэнэбаатар: Зургийг үнэ төлбөргүй авах боломжтой. Гэхдээ нягтаршил муутай, хэт холоос авсныг үнэгүй ашиглана. Цаг хугацааны хувьд яг одооны зургийг авах боломж хязгаарлагдмал. Харин мөнгөө төлсөн тохиолдолд нягтаршил сайтай, ойроос авсан, яг одоо цаг дээрх зургуудыг авч болно. Харилцаа холбооны тухайд түрээсээр ашигладаг учраас тодорхой хэмжээний мөнгө төлж таарна. 

ТВ-ийн дүрс дамжуулдаг компаниудын тухайд DDISH, Mongolsat-ыг байгуулсан залуучууд сансар тэнгэрийн юм яриад яах вэ, өөр зүйл хийе гээд энэ ажлыг барьж аваагүй, эрхлээгүй байсан бол бид өнөөдөр тв-ийн олон суваг үзэхгүй сууж байх магадлалтай. Тиймээс боломж харагдаж байгаа бол түүнийг ашиглах, бүдэг бадаг байгаа бол шинжлэх ухаанчаар хандаж тодруулах хэрэгтэй. 


- Ойрын ирээдүйд энэ хэрэглээ яаж нэмэгдэх бол? 

Т.Төртогтох: Манай улсад хараахан өргөн ашиглаагүй ч ногоон ургамал, хөдөө аж ахуйн салбарт хиймэл дагуулын мэдээллийг асар их ашиглаж байна. Тухайлбал, газар тариалангийн компани талбайнхаа аль хэсгийг нь усалж, аль хэсгийг нь бордох вэ гэдгээ сансрын зургаар амархан мэдэх боломжтой. Цаашлаад ямар хэмжээний ургац авах вэ гэдгээ ч урьдчилан тооцоход хялбар болсон. Манайд ганц нэг компани ашиглаж эхэлсэн.

Ингэж технологийн дэвшил ашигласан компани уламжлалт арга, үйл ажиллагаатай компаниас 8 дахин их ургац авсан жишээг уншиж байсан. Ийм хэрэглээ цаашид улам өргөжих нь ойлгомжтой. 

Т.Төртогтох

- Энэ нь сансарт өөрийн гэсэн хиймэл дагуулаа хөөргөх шаардлагатай гэсэн үг үү. Зарим нь гаднаас үнэгүй мэдээлэл авч ашиглах боломжтой байхад илүү зардал гэж үзэх талтай. Хиймэл дагуулын үнэгүй мэдээллүүд нь "тухайн улсын технологийн хараат байдалд орох" гэдэг үнээр бид авч байж болох юм...?

Т.Төртогтох: Үнэгүй гэдэг дээр нэг тайлбар хэлчих нь зүйтэй байх. Яг үнэндээ үнэгүй зүйл гэж хэзээ ч байхгүй. Бид үнийг нь өөр хэлбэрээр төлж байгаа. "Тухайн улсын технологийн хараат байдалд орох" гэдэг үнээр авч байж болох юм. Ихэнх тохиолдолд бидний авч байгаа үнэгүй зураг нь нарийвчлалын хувьд чанаргүй, дээр нь архивлагдсан байдаг тул нэлээн хуучирсан зураг байдаг. 

Яг бодит хэрэглээнд оруулаад, ашиглаад үр өгөөж хүртэх бараг л боломжгүй. Харин шинэ болон ашигтай байх зураг нь үнэтэй. 2019 онд судалж үзэхэд хааш хаашаа 1 км зураг авахад хамгийн багадаа 8 доллар, дунджаар 25 доллар байсан санагдаж байна. Нэг удаа зураг авахад ганцхан км-ыг авахгүй, тэгж ч өгөхгүй. Дундаж хотын зураг авахад 2-3 мянган доллар болно. Ганцхан удаа авахгүй. Сар бүр авлаа гэхэд 20-50 мянган доллар болох жишээтэй. Тиймээс бид өөрсдийн гэсэн хиймэл дагуулыг хөөргөх хэрэгтэй. 

Үүнд хэд хэдэн шалтгаан хэлж болно.  

Нэгдүгээрт, аюулгүй байдал. Үүнд үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой олон зүйл ярьж болно. 

Хоёрдугаарт, гадаадын орнуудад тулгардаггүй асуудал бидэнд бий. Тухайлбал, Улаанбаатар хот болон бусад хот суурин газрын утаа, агаарын бохирдлын асуудал. Нүүдлийн мал аж ахуйтай улсын хувьд бэлчээрийн доройтол, газрын гарц, мөн газар тариаланд тулгардаг асуудлууд ч бий. Энэ бол манай улсын л шийдэх ёстой асуудал. Өөрөөр хэлбэл, хиймэл дагуул болгон хэнд ямар мэдээлэл өгөх вэ гэсэн зорилго, чиглэлтэй. Гадны хиймэл дагуулууд манай асуудлыг шийдэх хэмжээний мэдээллийг бидэнд өгөхгүй. Нөгөө талаараа манайхыг хангалтай зах зээл гэж харахгүй байх. 

Манай улс өнөөдөр хэдэн тонны хэдэн машин зэсийн баяжмал, нүүрс экспортолж байна вэ гэдгээ хянахын тулд заавал хүн очиж тоолох шаардлагагүй, сансрын зургаас хяналт тавиад  байж болно.

Сансар бол хаана ч байхгүй өндөрлөг. Тэр өндөрлөгөөс бид хаана юу болж байгааг харж, хянаж болно. Нөгөө талаараа газар дээр байгалийн янз бүрийн аюулт үзэгдэл болно. Харин  сансарт бол үгүй. Тийм учраас сансарыг эзэмших нь цаг хугацааны шаардлага юм. 


- Хүний юмыг үнэтэй бай, үнэгүй ч бай ашигласаар байх нь хараат байдлын эхлэл байж болох юм?  

Т.Төртогтох: Тийм. Сансрын технологи өндөр хөгжсөн улс орнууд хөгжил буурай улсуудын мэдээллийг хялбархан олж авна. Хөгжсөн улсууд бие биеийнхээ мэдээлэл дамжуулагчийг үгүй хийх, хаалт хийх зэрэг асуудал ч бий. Тухайлбал, Иран, Хойд Солонгос зэрэг улсад байршил тогтоогч GPS системийн хиймэл дагуулын дохиог хязгаарлах, салгах, зэргээр өрсөлдөх  жишээтэй.

Д.Эрдэнэбаатар: Манай жишээн дээр гэвэл DDISH, Mongolsat-ийн мэдээллийг дамжуулж байгаа хиймэл дагуулыг эзэмшигч улс ямар нэгэн байдлаар таслах шаардлага үүсвэл хөдөөний айл өрхүүд мэдээллээс тасарч хоцорно. 

Нөгөө талдаа өнөөдөр сансрын технологигүйгээр хаана яваагаа мэдэхгүй байх тийм хэмжээнд очсон. Бид одоо хөдөө явахдаа GPS ашиглан замаа олдог болоод байна. Хэрэв энэ сигналийг тасалбал тэгээд л төөрнө шүү дээ. “Сансрын хиймэл дагуул нь системчлэлийн хаан юм”  


- Дөрвөн жилийн өмнө та бүхний хөөргөсөн “Мазаалай” хиймэл дагуул хоёр жил ажиллаад хугацаа нь дуусч, устсан. Энэ анхны хиймэл дагуулын ач тус, үр дүн нь юу байсан бэ? 

Д.Эрдэнэбаатар: Тэр хиймэл дагуулын төслийн үр дүн болсон хоёр хүн тантай ярилцаад сууж байна. Тэр бол сансрын технологи хөгжөөгүй улс орнуудад зориулсан, мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх зорилготой Олон улсын “Шувууд” гэсэн төслийн хүрээнд бүтээгдсэн хиймэл дагуул байсан. Энэ хүрээнд тодорхой тооны залуучууд Япон болон сансрын технологи өндөр хөгжсөн бусад улс оронд суралцах хугацаанд хэрэгжүүлсэн төсөл. Шинжлэх ухаан, технологийн туршилт, судалгаа хийх, боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөсөн. 

Сансарт хоёр жил ажиллаад устсан ч гэсэн зорилгоо биелүүлсэн. Энэ төслийн хүрээнд гадагшаа явж суралцсан залуусын төлөөлөл нь бид хоёр. Бид тухайн улсдаа, Японд үлдээд өөр ажил төрөл хийгээд явсангүй. Бид эх орондоо ирээд сансрын технологийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад явж байгаа нь “Мазаалай” хиймэл дагуулын төслийн нэг үр дүн гэж бодож байна.  


- Сансрын технологийг хөгжүүлэх инженерийн баг бэлэн болсон гэж ойлгож болох  уу. Тухайн үед гадаадад суралцахаар хичнээн залуус явснаас өнөөдөр хэд нь эх орондоо ирээд байна вэ? 

Д.Эрдэнэбаатар: Нийт 9 хүн явсан. Одоогоор нэг нт Япон улсад докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Бусад нь ирсэн. Сансрын технологийн инженерээр суралцсан 4 доктор, 3 магистр бэлэн байна. 


- Тэгвэл та бүхэн дараагийн хиймэл дагуулыг бие даан хөөргөж чадах уу? 

Д.Эрдэнэбаатар: Чадна.  

Т.Төртогтох: Чадна. 


-Үүнийгээ юугаар нотлох вэ? 

Д.Эрдэнэбаатар: Мэдээж яг ажил хэрэг болоход хэцүү. Гэхдээ бид чадна. Манай багийн гишүүн Бэгзсүрэн Филиппин улсын сансрын технологи дээр ажиллаж байсан. Төрөө бид хоёр Японд хэрэгжүүлж байсан төслүүд дээр ажиллаж байсан. Би “Хорюү4”, “Мазаалай”, “Спатюүм” зэрэг төсөл дээр ажилласан.  

Т.Төртогтох: Миний хувьд эхлээд “Мазаалай” дээр ажилсан. Дараа нь Шри Ланка, Непал буюу Балба, Япон улсын хамтарсан төсөл дээр ажилласан.  


- Бодит биеллээ олоход хэр урт зам та бүхнийг хүлээж байгаа бол. Манайд боломж нөхцөл нь байна уу? 

-Т.Төртогтох: Шинжлэх ухаанд батлагдсан зүйлийг хийхэд нэг их цаг хугацаа шаардахгүй. Тэр утгаараа бид өмнө нь сансрын хиймэл дагуул хөөргөөд тухайн хиймэл  дагуулаасаа шаардлагатай мэдээллүүдээ авч ашиглаж байсан хүмүүс учраас чадна гэдгээ итгэл төгс хэлээд байгаа юм. 

Д.Эрдэнэбаатар: Сансрын хиймэл дагуулыг системчлэлийн хаан гэж нэрлэдэг. Бүх төвөгтэй зүйл систем инженерчлэлгүйгээр бүтэхгүй. Та бүхний дуу хоолойг өсгөж байгаа микрофоноор жишээ авахад дээд талын торыг нэг хэсэг нь, төв мэдээлэл дамжуулж байгааг нөгөө хэсэг нь, эрэг боолтыг нь гурав дахь нь судалж бүтээгээд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байж таарна. Яг үүнтэй адил.  

Хиймэл дагуул дээр бол би батарей, нарны дэлгэц, Т.Төртогтох төв процессор холбооны систем, Э.Өсөхбаяр их бие бүтцийн хэсэг, Д.Амартүвшин өнгөт камер ба тэнхлэг удирдлага, Т.Бэгзсүрэн дан хэт олон сувгийн камерын системийн чиглэлээр судалж, суралцсан. Нийлээд бүхэл цул бүтээл болно гэсэн үг.

Зүүн талаас Д.Амартүвшин Д.Эрдэнэбаатар Т.Төртогтох

Яг үнэндээ гарын 10 хуруунд багтах хэмжээний мэргэжилтэн байгаа нь туйлын хангалтгүй. Бид 100, цаашлаад мянгаар тоологдох хэмжээнд бэлтгэгдчихвэл их сайхан байна.  


- Сансрын технологийн салбарын ашгийг олж харсан нэг хэсэг байна. Ашиг орлогыг нь бусад бизнестэй харьцуулахын аргагүй гэсэн мэдээлэл ч уншиж байлаа. Яагаад?  

Т.Төртогтох: 2000 оноос өмнө сансар судлал ихэвчлэн улс орнуудын Засгийн газрынхөрөнгөөр хийгддэг байсан. Харин сүүлийн 20 жилд хувийн хэвшил орж ирснээрээ жинхэнэ  утгаараа мөнгө олох нэг зах зээл болж хувирч байна. 

Нэг том хиймэл дагуул хийгээд 10 жил  ашиглах, эсвэл 10 жилийн хугацаанд 1000 жижиг хиймэл дагуул хийх боломжтой болчихсон.Үр ашиг нь хэд дахин их. Дэлхийн хаанаас ч холбогдох боломжтой ийм интернэтийн үйлчилгээ  үзүүлэхийн тулд “Спэйс Экс” компани анх 4000 ширхэг хиймэл дагуул сансарт хөөргөнө гэж  долоон жилийн өмнө олон нийтэд танилцуулж байсан. Тухайн үед хүмүүсийн нүд орой дээрээ гарч боломжгүй мэт төсөөлж байсан. Гэтэл одоо тэд бодитоор хийгээд 800 гаруй хиймэл дагуулыг аль хэдийнээ хөөргөөд байна.

Ер нь сансарт туршигдсан технологи гэдэг бол газарт туршигдсанаасаа дор хаяж 1000  дахин үнэ цэнтэй байдаг. Энэ утгаараа сансрын бизнесийн ашиг орлого өндөр байх нь ойлгомжтой. Одоо жилд дунджаар 100 орчим старт апп энэ зах зээлд орж байна. 

“Бидний төсөл сансрын технологийн шинжлэх ухаанд МУ-ыг дахин нэг шатахиулах зорилготой”  


- Тэгвэл та бүхэн одоо гялс энэ зах зээлд гараач гэвэл юу хэлэх вэ. Ямар саад бэрхшээл байна? 

Т.Төртогтох: Бид яаж хийх аргаа мэдэж байгаа. Мэдээж Японд хийх, Монголд хийх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Япон бол эдийн засгийн хувьд хүчирхэг, аж үйлдвэр нь өндөр хөгжсөн улс. Харин манайд эдийн засаг, аж үйлдвэр нь ямар байгаа билээ. Гэхдээ болохгүй, бүтэхгүй гээд гараа хумихаад суух нь тэнэг хэрэг. Тиймээс бид “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуул бүтээх чиглэлээр ажиллаж байна. Судална, бүтээнэ, туршина. Ямар ч туршилтгүйгээр технологи бүтээнэ гэж байхгүй. Туршигдсан технологио ашиглах дээрээ тулах юм бол ямар ямар мэдээлэл авах, түүнийгээ хаана борлуулах гээд дараагийн зүйлүүд яригдана. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. 

Д.Эрдэнэбаатар: “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөхөд тал мөнгийг нь МУИС, тал мөнгийг нь ОБЕГ-аас гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, төр болон боловсролын салбараас дэмжлэг авсан. Харин хоёр дахь хиймэл дагуулыг бүтээж хөөргөхдөө хувийн хэвшлээсээ дэмжлэг авах нь зүйтэй гэж үзээд ажиллаж байна. Төсөл маань эхлээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Ковид19-ын нөлөөгөөр зарим ажил гацах маягтай болсон. Бизнесийн байгууллагуудтай уулзаад төслөө танилцуулахаар үр ашиг нь юу юм, хэзээнээс ашиг хүртэж эхлэх вэ гэдэг. Бидний төсөл ашиг орлого гэхээсээ илүү сансрын технологийн шинжлэх ухаанд дахин нэг шат ахих зорилготой.   


- “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөөргөхгүйгээр бизнесийнхний, олон нийтийн хүсэн  хүлээж байгаа, бидний дээр ярьсан тэр үр ашгийг бүтээх, хүртээх боломж бий юу? Шаардлагатай мэдээллээ өөрсдийнхөө хиймэл дагуулаас авна гэдэг мөрөөдлийг биелүүлэх боломж гэх үү дээ.  

Д.Эрдэнэбаатар: Боломжгүй. Бид сансрын технологийг бүрэн эзэмшсэний үндсэн дээр тэр зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж ашиг олно. Тэнд алдаж, онож байж л бид суралцана.  

Монголын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөхийн тулд оюутан  залуус зардал хайж хандив цуглуулах аян өрнүүлж байсан. УОК, боловсролынбайгууллага ч санхүүгээр дэмжсэн. Гэтэл яг хөөргөх үед нь мөнгө гуйсан “зовлон”г  нимгэлээгүй атлаа Монголынхоо хиймэл дагуул хөөрөх түүхэн үйл хэргийн гэрч болно  гээд NASA-ийн пуужин хөөргөх бааз дээр очсон монголчууд цөөнгүй байсан тухай мэдээ байсан. Нэг үгээр  монголд түүхэн үйл хэрэгт оролцож, хандив өгөөгүй атлаа тэр Америкт өчнөөн хөрөнгө  зараад очсон зарим хүмүүсийн тухай сонсоод би ч бас шүүмжилмээр л байсан. Та нарт  ямар санагдаж байсан бол ?  

Т.Төртогтох: Тэр мэдээлэл үнэн эсэхийг бид хэлж мэдэхгүй. “Мазаалай” хиймэл дагуул  бол маш бага зардлаар бүтсэн. Танай энэ микрофон шиг 10 ширхгийг авах хэмжээний мөнгөөр л бүтсэн. Манайх олон дата агуулсан, том дэд бүтэц шаарддаг сансрын технологи бүтээнэ гэвэл  улсаараа барахгүй. Тэгэхээр зах зээлдээ таарсан тэр жижиг хэмжээний хиймэл дагуулыг лбүтээх явдал. 

Д.Эрдэнэбаатар: 36 мянган км-ын цаана байдаг харилцаа холбооны хиймэл дагуулыг бүтээхэд ойролцоогоор 500 сая ам.доллар шаардлагатай. Энэ бол манай нүүрс тээвэрлэх төмөр замын өртөг. Манай зах зээл дээр хэрэглэж болохуйц зураг авдаг жижиг хиймэл дагуул бүтээхэд 5 сая доллар хэрэгтэй. Харин “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөхөд 100 мянган доллар л зарцуулсан шүү дээ.  


“Физик, математикийн зүй тогтлыг мэддэг хүн хуулийн алдаа дутагдлыг олж харахдаа гаргууд”  

- Сансрын технологи бол бусад шинжлэх ухааны суурь гэж та бүхэн яриандаа дурдсан. Энэ технологийг хөгжүүлснээр, хүүхэд залуучуудыг энэ салбарт оруулснаараа бидэнд ямар ач холбогдолтой вэ. 

Д.Эрдэнэбаатар: Аж үйлдвэржилт орчин үеийн шинжлэх ухааны ачаар хөгжсөнөөсөө хойш 200 гаруй жил болж байна. Шинжлэх ухаан, технологи өөрөө сансрын технологио дагаж хөгжих шинжтэй болчихсон. Өнөөдөр үнэ цэнтэй байгаа технологи өөрөө олон зүйлээс хамаарсан нарийн төвөгтэй цогц зүйл. Үүнийг төлөөлж чадах нэг зүйл нь сансрын технологи. Сансрын технологийг эзэмшсэн хүн бусад салбарт байгаа асуудлуудыг шийдэх гаргалгааг олж чадна. Тиймээс бид энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бодлогоор олон тоогоор  бэлтгэх шаардлагатай.  

Орчин үеийн технологи гэхээр гар утас, программ хангамж, цаашлаад хиймэл оюун  ухаан, супер компьютер яригдаж байна. Үүний суурь нь физик, математикийн шинжлэх ухаан.  Жишээ нь, электрон тоног төхөөрөмж, квант компьютер гэхэд цаанаа физик л байдаг. Хиймэл оюун ухаан гээд ярихаар цаана нь математик бий. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэж байгаа гар утас, компьютер зэрэг технологийн шийдлээр бүтээсэн зүйлүүд маань өмнө нь байсан зүйлийн  хөгжүүлэлтийн үр дүн гэсэн үг.  

Байгаль дээрх юмс үзэгдлийн мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үүнийг мэдэж байгаа нөхцөлд хэзээ ч, ямар ч байдлаар ашиглаж болно. Хамгийн гол нь сайн багшийг бодлогоор бэлтгэж гаргах шаардлага байна гэж хардаг. 

Т.Төртогтох: Нано технологи, биотехнологи гэсэн яриа их сонсож байсан байх. Үүний суурь нь математик, физик дээр хими, биологи нэмэгдэнэ. Хүүхэд аливаа зүйлийн зүй тогтлыг сонирхож эхлэхээс л эдгээр шинжлэх ухааныг судлах сэдэл бий болно. Тухайлбал, хоол идэж  байгаа аяга маань хэрхэн бүтсэн юм бол, миний өмсөж байгаа цамцыг бүтээхэд ямар ямар дамжлага байсан бол гэх зэргээр бодож эхлэх нь байгалийн шинжлэх ухааныг сонирхох эхлэл. Физик, математикийн зүй тогтлыг судалж мэдсэн хүн хуулийн алдаа дутагдлыг олж харах, шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл бичих зэрэгт чамбай хандаж чадна.  

Д.Эрдэнэбаатар: Сансрын технологийн инженер, хиймэл дагуулын багийн нэг гишүүн Бэгзсүрэн маань өнөөдөр УОК-ийн зөвлөх багт урилгаар ажиллаж байна. Бид гурав яг адилхан физик суурьтай инженерүүд. Физикч хүний ялгаа нь тоон утгаар илэрхийлсэн график байлаа гэж бодоход тухайн мэдээллийн цаана ямар зүй тогтол байгааг уншиж чаддаг. Жишээлбэл, 2021.02.02-нд Ковид-19 халдварын тоо гэнэт өссөн нь ямар шалтгаантай байв, ямар хүчин зүйлүүд нөлөөлөв гэдгийг олж харна гэсэн үг.  

Ер нь сүүлийн жилүүдэд бүх л шинжлэх ухааны салбарууд нэгдэн нийлж ажиллах шаардлага бий болсон. Тухайлбал, Ковид19-ыг илрүүлэх оношлуур бүтээе гэж бодоход биологичдоос гадна электроникч, химич, физикчид байх шаардлагатай болж байгаа юм.  


- Физик, математикийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд тун цөөн болсон тухай багш нар ярьдаг. Энэ үнэн үү багш нар аа? 

Д.Эрдэнэбаатар: Миний хувьд МУИС-ын Физикийн тэнхимийн анги удирдсан багш. Манай физикийн хоёрдугаар курсын анги идэвхтэй суралцдаг хоёрхон хүүхэдтэй. Үүгээр таны  асуултад тийм гэж хариулъя. 

Монголд 90 гаруй их, дээд сургууль бий. Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг нь гарын таван хуруунд багтана. Тэр дотроо байгалийн шинжлэх ухааны  чиглэлээр гэж үзвэл зөвхөн МУИС мэргэжилтэн бэлтгэж байна гэж хэлэхэд бараг болно.  

1942 онд МУИС-ийг байгуулахдаа физик, математикийн ангиудыг шууд нээж байсан. Яагаад вэ гэхээр дэрсэн шаахайтай Оросуудыг цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн болгосон нууц  нь энэ шинжлэх ухаан. Тиймээс шинжлэх ухааны суурь гэж үзсэн учраас анхны дөрвөн мэргэжлийн хоёр нь физик, математикийн анги байсан болов уу. Гэтэл энэ чиглэлээр сонирхон судлах оюутнуудын тоо жил ирэх тусам цөөрч байгаа нь харамсалтай. 


- Энэ хэвээрээ яваад байвал яах вэ Т.Төртогтох багш аа? 

Т.Төртогтох: Бид хөгжил дэвшлийн талаар дээр дооргүй ярьдаг. Хөгжлийн үндэс суурь нь боловсрол гэдгийг хүн болгон мэднэ. Гэвч боловсролын салбар хамгийн буруу зам дээрээ гарч зогсчихоод байна. Энэ чигээрээ яваад байвал дампуурал л биднийг тосох болов уу. 

Яагаад ийм байдалд орчихов гэхээр манайд физикч мэргэжил эзэмшвэл физикийн багш, аль эсвэл Физик технологийн хүрээлэнд л ажиллах юм байна гэсэн ойлголт сүүлийн 30 гаруй  жил бидний ой тойнд явлаа. Нөгөө талдаа зөвхөн диплом харж ажилд авдаг байдал нь бас нөлөөлж байна.

Өө, чи физикч юм байна. Явж багшаа хий ч гэдэг юм уу, өөр салбарт хөрвөж  ажиллах боломж нөхцөл манай улсад байгаагүй. Харин одоо өөрчлөгдөж байна. Суурь шинжлэх ухаанаар сурсан хүн хаана ч очсон хөрвөх чадвартай, локик сайтай байдаг.  

- Сансрын технологийн инженерээр суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан та бүхэнд Япон улс ажлын байрны санал тавьсан байдаг. Өндөр цалин, ахуйн хангамжаас татгалзаад эх орондоо ирсэн учир шалтгааныг тааж болох ч өөрсдөөс нь сонсмоор байна?  

Д.Эрдэнэбаатар: Би монгол хүн болж төрсөн хувь заяандаа бахархдаг. Бусдаас гойд илүү зүйл сураагүй ч өөрийн чадах чинээгээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь миний эрхэм үүрэг. Тийм учраас би Япон улсад ажиллаж амьдрах сонголтоос татгалзсан. Эх орондоо ямар ч хамаагүй ажил хийгээд цалин орлого олж, түүнээсээ улсдаа татвар хураамж төлөх нь ихүртэл Монгол Улсад хэрэгтэй. Ингэж л боддог.  

Т.Төртогтох: Миний хувьд 2015 онд “1000 инженер” хөтөлбөрт хамрагдаад Япон улсыг зорьсон. Гэрээнийхээ дагуу суралцаад 2018 онд эх орондоо ирсэн. Зөвхөн гэрээ байгуулсандаа ч биш юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууддаа сайн сайхныг бэлэглэж чадахгүй ч  сайн сайханд хүрэх шатыг нь бэлдэж өгөх зорилготой. Энэ зорилгынхоо төлөө ажиллаж байна. 

Өөрөөр хэлбэл, бидний дараагийн үеийн залуучууд Монгол Улсыг авч явна. Улс маань улсын дайтай хөгжихийн тулд сансар судлалын гүрэн болохын тулд бидний зорилго бүтэх ёстой. Тиймээс бид хамаг боломжоо дайчлан ажиллах шаардлагатай л гэж боддог.  

- Баярлалаа.