Эрүүл мэндийн яамнаас хоёр жилийн хугацаанд тэмбүү өвчнийг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50-55 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Гол хэлэх гэж байгаа зүйл тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлагатай болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа хаалттай мэдээлэл өгч байсан. Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн энэ асуудал ярианаас цааш хэтэрсэнгүй. Бодитой ажил хийсэнгүй. Бид нар ярианаас ажил руу шилжиж байна. Ингэж байж эрүүл монгол ирээдүйг бий болгоно" хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор тэмбүү өвчний талаар таны зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээллийг хүргэж байна.

Тэмбүү гэж юу вэ?

Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.

ХАЛДВАР дамжих зам:

• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина.

 ИЛРЭХ шинэ тэмдэг:

• Тэмбүү өвний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх /хатуу яр/ гарна.
• Энэ үед ойролцоох тунгалагийн зангилаа /ихэвчлэн цавины булчирхай/ цочиж томорно.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

ТЭМБҮҮ өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?

• Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэдэг.

Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?

• Тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.



Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар