Дуучин бүсгүйн уран бүтээлийг Браун эзэмших болсонд маш их харамсаж, уурлаж, жигшиж буйгаа өнгөрсөн Ням гарагт Tumblr сайтаар илэрхийлсэн. Свифт Канье Уэст болон Ким Кардашьянтай хийсэн маргааныг эргэн сануулж Браун өөрийг нь олон жилийн турш дээрэлхэж байгаа хэмээсэн ажээ. 

Брауны Ithaca Holdings компани Big Machine Label Group студийг эзэмшилдээ авах болсноо өнгөрсөн Ням гарагт мэдэгдсэн. BMLG нь Тэйлорийн бүх цомог, мастер дуунуудыг нь гаргасан студи ажээ. Энэхүү наймааны талаар Свифт удалгүй мэдсэн гэнэ. 

Свифт 2018 оны Арваннэгдүгээр сард Big Machine студитэй гэрээгээ цуцалж, Universal Music Group-ийн дуучин болсон. Үүний шалтгаан нь 15 настайгаасаа хойш хамтарсан лэйблтэйгээ үргэлжлүүлэн уран бүтээл хийвэл ирээдүйд өөрийн бүтээлээ эзэмших эрхгүй болох байсанд оршиж байв. 

“Мэдээж Big Machine-тай хийсэн уран бүтээлүүд маань алсдаа худалдагдахыг би мэдэж байсан. Ямар ч асуудал үүсгэлгүй, тайван замаар тохиролцож дуунуудаа үлдээсэн. Гэхдээ тэр худалдан авагч нь Скүүтэр байна гэж би хамгийн аймар хар дарсан зүүдэндээ ч зүүдэлсэнгүй” хэмээн дуучин бүсгүй сошиал хуудсаараа хуваалцжээ. 

Кардашьянтай утсаар ярьсан яриаг нь хууль бусаар бичиж авч интернетээр цацсан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Тэр үед Скүүтэр нь Жастин Бибер болон өөр нэг хүнээр Свифтийг доромжлуулахаар тохиролцсон хэмээн Тэйлор буруутгаж байгаа. Брауны үйлчлүүлэгч Уэстийг ч мөн Тэйлор Свифтийн нүцгэн баримал урлаж садар самуун дууны клипэндээ ашигласан нь өшөө авах зорилготой гэж тодорхойлсон. 

Big Machine-ийн эзэмшигч наймааны талаар хувьцаа эзэмшигч, “Тэйлор Свифтийн аав Скотт Свифтэд зургадугаар сарын 25-нд хэлсэн. Мөн Тэйлор руу мессеж бичсэн. Тэр мессежээ уншаагүй байв уу, ямар ч байсан олон нийтийн адилаар мэдээ уншиж ойлголт авсан гэдэгт би эргэлзэж байна” гэх хариу өгсөн аж.

Жастин Бибер тухайн үед Браун, Канье 2-той зураг авахуулж, нийтлээд “Юу байна даа Свифт ээ” гэсэн тайлбартай тавьсан юм. Үүнийхээ төлөө Бибер өнгөрсөн ням гарагт инстаграмаар уучлалт хүссэн. Гомдоосонд уучлаарай гээд, Браун энэ бүхэнд буруугүй, тэр үргэлж чиний арыг даадаг байсан гэсэн утгатай пост хийжээ. 

Брауны эхнэр ч мөн интернетэд “Танай аав Big Machine-ийн хувьцаа эзэмшигч байтал чи энэ тохиролцооны талаар мэдээгүй байна гэж байх уу. Борчетта ч чамд хувьчилж хэлсэн биз дээ. Манай нөхөр дээрэлхүү хүн лав биш.” хэмээв. 

Тэйлор эцэст нь “Миний уран бүтээлийг надад үлдээдэг студитэй гэрээ хийсэндээ баяртай байна” гэсэн пост хийжээ.