Тагнуулын ерөнхий газраас мягмар гарагт тусгай ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийсэн. Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. 

Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны аравдугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.

14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.



Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл