УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаад нэлээд хугацаа өнгөрч байна.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Би хууль зөрчөөгүй, тиймээс одоогоор ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй" хэмээн мэдэгдсэн. Мөн уг асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад УИХ-ын даргыг огцруулж, чөлөөлдөг 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учир огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргыг огцрохыг шаардсан дээрх УИХ-ын гишүүд өөрсдийг нь дэмжиж буй иргэд, нам эвсэл, хөдөлгөөнийнхөнтэй нэгдэн 11.00 цагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна. Тэд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ийг байгуулснаа зарласан бөгөөд УИХ-ын даргыг огцруулж, МАНАН-г арилгах зорилготой бүх нийтийн жагсаалд иргэн бүрийг оролцохыг уриалж буй юм.

Тэд мөн өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын даргад дахин огцрох өргөдлөө өгөх шаардлага тавьж, 48 цагийн дотор өргөдлөө өгөхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийг эхлүүлнэ хэмээсэн. Тус цаг нь өнөөдрийн 11.00 цагт дуусна.

Тус эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буй иргэн цөөнгүй байгаа ч зарим нь "МАН-ын 2 бүлэг нэг нэгнийхээ эсрэг хийж буй бүлгийн тэмцэл учир иргэд очих нь дэмий зүйл" гэдэг байр сууриа цахимаар илэрхийлж байна.