С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзээд гишүүд бичлэгийн талаар ярихдаа: 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Маш муухай юм байна. Үгээр хэлэхийн аргагүй. Даралт ихтэй хүн үзвэл хэцүү л юм байна даа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хууль шүүхийн байгууллагаар хэрэг нь тогтоогдоогүй байгаа нөхцөлд ийм эрүүдэн шүүх ажиллагааг авч болох уу? Тэр хүмүүс нь ямар билээ. Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж бодож байна. Олон нийтэд үзүүлж энийг бас өөр юманд хувиргахгүй байх ёстой. Монгол улс парламентийн засаглалтай улс учраас УИХ энэ асуудлыг шударгаар маш зөв шийдвэр гаргаж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Засгийн газар хэргийн мөрдөн байцаалтад саад болохгүй бичлэгийн хэсгийг ил болгосон. Тагнуулын байгууллага сая цөөхөн 20 орчим минутын бичлэг үзүүллээ. Үзэхэд Монголд ийм нөхцөл байдал байдгийн болов уу гэж бодмоор гайхмаар, арай ч үгүй юм уу гэж бодохоор сэтгэл шимшрэм, нүд хальтрам зүйлийг үзлээ. Сэжигтэн Б.Содномдаржаагийн өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэн болон Амгаланбаатарыг хамт байлгаж, тэд Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй тамлаж байгаа бичлэг байна. Т.Чимгээгийн хувьд мөн шөнө Ц.Амгаланбаатар түүний өрөөнд орж, дарамталж хэргээ хүлээ гэж шахаж шаардаж буй бичлэг байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нилээн айхтар зүйл харлаа. Монгол улс хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулж байгаа, төр нь иргэнээ шударга шүүхгүй, шударга хууль ёсыг сахиулах ёстой хуулийн байгууллага маань ийм байдалд орооцолдсон байгаад санаа зовж байна. Хоёр жилийн бичлэг байна. Зургаан өдрийн бичлэгээс түүвэрлээд харууллаа. Үүнд хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу, дүрстэйгээр харлаа. 

Гишүүдийн яриаг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.