С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж, Түр хорооны гишүүд өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хандлаа. Энэ үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн болон иргэний нийгмийн зарим байгууллагынхан Ерөнхий прокурорын байрны гадна жагсав.

Энэ үеэр Түр хорооны дарга Ж.Батзандан "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэдэг нь албан ёсоор тогтоогдсоныг олон улсын нэг, дотоодын хоёр байгууллага нотолсон. Дүгнэлт шийдвэрүүдээ гаргасан. Гурван шатны шүүх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нөхцөл байдлыг мэдэхгүй, анзаарч судлалгүйгээр шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхццөл байдал. Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, шүүх ял өгч шийтгэсэн нь хожим илэрсэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үздэг. Улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгадаг.

Хоёрдугаар том шалтгаан бол Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан. Тэрээр "Би энэ хоёр хүнийг гүтгэсэн. Мөрдөн байцаагч, тагнуулын ажилтнууд намайг гадаадад гаргана, 500 сая төгрөг өгнө гэж амласан. Тиймээс би гүтгэсэн. Уучлаарай" гэсэн захиаг Ерөнхийлөгч болон УИХ-ын бүх гишүүнд ирүүлсэн. Энэ мөн шинээр илэрсэн нөхцөл байдал. Үүнд үндэслэж, шүүхээс гаргасан бүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгах үүрэгтэй. Улсын Дээд шүүхийн бүх шүүгч хуралдах ёстой. Хэргийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтад буцаах, гарсан шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох процесс Прокурорын дүгнэлтийн дагуу эхлэх ёстой. 

Гуравдугаарт, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд авч үздэг. 

Дээрх гурван байгууллагын шийдвэрийг үндэслэж прокурор дүгнэлт бичиж, Улсын дээд шүүх рүү явуулах үүрэгтэй. Прокурорын дүгнэлтийг үндэслэн Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан хуралдаж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах үүрэгтэй гэж бид харж байна. "Шинэ" нам ардын хүүхдүүдийн төлөө, шударга ёсны төлөө тэмцэхээр байгуулагдсан" хэмээлээ.

Хүний эрхийн үндэсний комисс, Олон улсын парламентын холбоо болон УИХ-ын дэргэд байгуулагдсан Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан хэмээн үзэж, тэднийг суллах тогтоол гаргасан байна.