Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоос хасагдсан Хөдөлмөрийн үндэсний намынхан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Сүүлийн 3 хоногт бид Улаанбаатар хотын бүх дүүргээр явж, иргэдтэйгээ уулзаж, ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэж буй хүмүүсийн гарын үсгийг зуруулсан. Одоогоор 10.000 орчим хүн гарын үсгээ зурсан. 

"Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд битгий халд. Улс төрийн хүчнүүдэд сонгуульд оролцох боломжийг нь эрх тэгш олго. Энэ удаагийн сонгуулийг сонголттой сонгууль болгох нь зүйтэй" гэсэн байр суурийг иргэд маш их дэмжиж байна. 

Гарын үсэг зурах үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ. 

"ХҮН яагаад сонгуульд орохгүй вэ гэхээр дотоод зөрчилдөөнтэй, бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн" гэсэн мэдээллийг асар их түгээж байна. 

Гэтэл нийслэлийн Сонгуулийн хорооноос ХҮН-ын бүрдүүлсэн бичиг баримт хууль ёсны дагуу бүгд бүрэн байна. Бидний үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүгч гацаасан гэдгээ хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдсэн. ХҮН-ын бичиг баримтууд албан ёсны тамга тэмдэгтэй баримт мөн байна гэдгийг өнгөрсөн баасан гарагт Тагнуулын ерөнхий газрын дарга нь өөрийн гарын үсэгтэйгээр тодорхойлсон.

Хуулийн байгууллагууд нь шалгаад, дүгнэлтээ тодорхой танилцууллаа. Иймд Захиргааны хэргийн шүүгч н.Насандэлгэрийн гаргасан захирамж хууль бус, үндэслэлгүй болж буй учир энэ захирамжаа яаралтай цуцлахыг бид шаардаж байна. Шаардлага тавих эрх бүхий байгууллага нь нийслэлийн Сонгуулийн хороо юм. 

Тиймээс бид нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох бичиг баримтыг өнөөдөр хүргүүлж байна. 

Хэрвээ ёсзүйг баримтлан энэ асуудлыг шийдвэрдэхгүй бол бид 10 дугаар сарын 08-нд буюу пүрэв гарагт олон нийтийн жагсаал хийнэ. Энэ бол ХҮН ялах, ялагдах асуудал биш. Бид ардчилсан сонгуультай байх уу, ардчиллаа хамгаалах уу, иргэд улирдлагаа сонгодог төртэй байх уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх асуудал юм. 

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдож болдог, дүүргийн ИТХ-ын сонгуульд мөн оролцож болдог хэрнээ нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцож болдоггүй шийдвэр байж болохгүй. Бид бүх шатны сонгуульд оролцох эрхтэй" хэмээлээ.

ХҮН-аас 27 хүн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд өрсөлдөхөөр бичиг баримтаа өгөөд буй юм.