“Оюу толгой” төсөл дээр Засгийн газартай хамтран мэргэжлийн түвшинд ажиллахад бэлэн байгаа талаараа Хөдөлмөрийн Үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Дэлхийн түүхэнд амжилттай хэрэгжүүлсэн том төслүүдийг судлаж үзэхэд улс төрчдийн оролцсон төслүүд үр дүнгүй байсан. Эсрэгээрээ мэргэжилтнүүдийг цуглуулаад цэвэр мэргэжлийн хүрээнд хийгдсэн гэрээ хэлэлцээр үр дүнтэй, тухайн улс орондоо хэрэгтэй байсан нь харагдаж байна. Иймд бид дэлхий жишгийг дагах хэрэгтэй. 

Оюу толгойн хөрөнгө оруулалтын энэ удаагийн гэрээнд хоёр талаас хэлэлцээр хийе гэсэн тохиолдолд улс төрчдөөс бүрдсэн багаас илүүтэй мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг ажиллавал илүү амжилтанд хүрэх хэлэлцээр хийнэ. Хэлэлцээр гэдэг нарийн ажил. Хэлэлцээрийн эсрэг талд хуульчид байдаг. Тиймээс хуульчдын эсрэг бид маш сайн тоо баримттай, хуулийн гарц гаргалгаатай ярих ёстой. Тийм болохоор үүнийг анхаарах хэрэгтэй. 

Манай мэргэжилтнүүдийн судалснаар өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн загвар гаргаагүй байна. Нэг талд нь мөнгөтэй, улс дамнасан том корпораци, хуульчидтайгаа, санхүүгийн загвартайгаа сууж байхад нөгөө талд нь Монгол Улсын Засгийн газар хэдэн улс төрчидтэй сууж болохгүй. Хэрвээ Засгийн газарт өөрийн санхүүгийн загвар байхгүй бол ХҮН-ын залуучууд нэг сарын дотор хийж өгье. Бидэнд боломж нь байна. Санхүүгийн энэ загвар дээрээ үндэслээд бид гэрээнийхээ нөхцөлийг тодорхой болгох ёстой. 

Бидний алдаад байгаа дараагийн нэг зүйл бол татвар. Недарландын вант улстай Монгол Улс давхар татварын хэлэлцээр байгуулсан байна. Гэтэл Рио Тинто Недарландын вант улсад татварынхаа бүртгэлийг хийлгэснээр бид татвараа авч чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Тухайлбал, үр дүнд нь бид авах ёстой татварынхаа 30 хувийг алдаж байна. Тийм болохоор 2008, 2009 оны гэрээ хэлэлцээрийг ярина гэвэл энэ татварын асуудлыг бас ярих шаардлагатай гэх мэт маш олон боломж байна. Тэгэхээр бидний зүгээс аль болох мэргэжлийн байр сууринаас шинэ Засгийн газарт зөвлөмж өгч ажиллахад бэлэн байна. Энэ том төслийг аль болох улс төрийн аргаар бус мэргэжилтнүүдийн аргаар шийдэх нь зүйтэй” гэлээ.