Авлигатай тэмцэх газраас энэ сард хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү Ерөнхий сайд М.Энхсайханыг өнгөрсөн пүрэв гарагт баривчилсан асуудалд хариулт өглөө.

Тэрээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах бөгөөд мөрдөгч дараах тохиолдол шүүхийн зөвшөөрөлгүй баривчлана гэж заасан байдаг. 

Тус хуулийн 1.3-т гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан тохиодолд, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсвэл үйлдсэн дор нь баривчилна гэх зэрэг тодорхой хэдэн заалт бий. Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудал гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан гэдэг үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол, Прокурорын хяналт дор явагдсан үйл ажиллагаа юм. Тиймээс манай байгууллагын үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Хуульд заасан эрх, хэмжээний хүрээнд явагдсан" хэмээв.

Мөн тэрээр "шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоосон тохиолдолд тухайн хүнийг гэм буруутайд тооцдог. Түүнээс биш хэрэгт сэжиглэн түр баривчлах, цагдан хорих зэрэг нь тухайн хүн гэм буруутай, түүнд ял оноож байна гэсэн үг биш" гэдгийг онцлон хэллээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн пүрэв гарагт АТГ-аас баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Энэ талаар АТГ "Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт сэжигтнээр баривчилсан" хэмээн мэдээлсэн.

Улмаар маргааш нь буюу энэ сарын 21-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус асуудлыг хэлэлцэж "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн" гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр М.Энхсайханыг сулласан юм.