Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, 14 хоногийн хугацаатай ажиглалтад тусгаарлагдаж буй хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 21 хоног болгон сунгахаар шийдвэрлэсэн.

Шинэ коронавирусийн нууц үеийг 14 хоног гэж тооцож байсан бол сүүлийн үед энэ байдал хувьсан өөрчлөгдөж, 5.5-19 хоног болсон байна. Иймд тусгаарлах хугацааг сунгажээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар цаашид нэг өрөөнд нэг хүн л тусгаарлах шийдвэр гаргажээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын дэд дарга Т.Бадрал "Эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй дараагийн нэг шаардлага нь ажиглалтад тусгаарлагдаж буй хүмүүс нэг өрөөнд 2-4-үүлээ байна. Өвчний нууц үе урт болж буй учир нэг нь нөгөөдөө халдварлах зэргээр  эрсдэл нэмэгдэнэ. 

Иймд цаашид ирж, тусгаарлагдах иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгахаар боллоо. Одоо гурван нислэгээр 750 хүн хүлээж авна гэж тооцож байсан тул 750 өрөө хэрэгтэй болж байна гэсэн үг. Эхний ээлжид хоёр нислэгийг нь хүлээж авахаар болсон.

Тусгаарлагдах хугацаа сунгагдаж буй учир 750.000 төгрөгийн төлбөр нь нэмэгдээд нэг сая 50.000 төгрөг болохоор байна.

Улсын онцгой комисс эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх шаардлагатай учир ингэж шийдвэрлэлээ.

Нэг өрөөнд нэг хүн тусгаарлахад дайчилгааны хуулийн дагуу зочид буудал болон аж ахуйн нэгжүүдийг ашиглаж, хамтарч ажиллах шаардлага үүсч байна. Иймд шийдвэр гарсны дараа зочид буудлуудад албан мэдэгдэл хүргүүлж, бэлтгэл ажил хангах нөхцөл байдал үүслээ" хэмээлээ.

Мөн тэрээр "Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж буй учир гэнэтийн шийдвэр гарч байна" гэдгийг хэллээ.