"Монгол шуудан" компанийг 2016 онд хувьчилж, 34 хувийг нь Хөрөнгийн биржээр зарах шийдвэр гарсан байдаг. Ийнхүү “Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК, түүний цаана байгаа олон зуун хувьцаа эзэмшигчид 17 хувийг нь худалдаж авсан билээ.

Харин өдгөө тус ХК-ийн хувьцаа хөрөнгийн бирж дээр иргэдийн хамгийн эрэлттэй болон ашиг өгч чадсан гэгддэг.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус хувьцаат компанийн асуудлаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр "2016 оны намар Монгол Шуудан ХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах Тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд нь ганцаараа ч гэсэн уйгагүй эсэргүүцэж, судалгаа тооцоо, үндэслэл дэвшүүлсээр зогсоож чадсан юм.Монгол Шуудан ХК 2019 онд 15.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж орлогын татварт 114.9 сая төгрөг төлж 1.1 тэрбум төгрөгийн ЦЭВЭР АШИГТАЙ ажиллажээ. Хуримтлагдсан ашиг ийнхүү 4.3 тэрбум төгрөг болж байна.Зураг дээрээс Монгол Шууданг яаж ашиггүй ажиллуулж байгаад амжиж хувьчлах гэж байсан, хувьчлал бүтэлгүйтсэнээс хойш ямар өндөр цэвэр ашигтай байгааг харж болно" хэмээн бичжээ.

Өмнө нь тэрбээр  "Монгол шуудан” компани бага үнээр хувьчлагдахаар болж байгаа нь арай дэндсэн хэрэг. Хамгийн гол нь энэ компанийн дансанд гэхэд есөн тэрбум төгрөг байна хэмээн ярьж байсан юм.

Уг асуудлаар "Монгол шуудан" ХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг, Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг "Популист улстөрчдийг сонгуулийн өмнө улс орон ард иргэддээ багахан хор хөнөөлтэй байж, “энтэртайнмэнтээ” зогсоохыг хүсье.Наанаа шудрага царайлж, цээжээ дэлдчихээд, цаанаа эзэнгүй мэт төрийн өмчийг цөлмөдөг орон зайг үгүй хийх болно" гэж мэдэгдээд өнөөдөр хэвлэлийн хурал хийхээ зарлажээ.

Тэрбээр энэхүү хувьчлалын талаах үнэн бодит байдлыг илчлэх юм байна.