УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” хаалттай мэдээлэл хийлээ.

Хуралдааны дараа тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан "Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. 

Бидэнд ирсэн мэдээллээр өмнө нь тамхины наймаанд оролцох зөрчил гардаг байсан. Нэг эргэлтээр 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцсон байна. Нэг удаагийн эргэлт 3 сая евро гэх жишээний байна. 

Тиймээс энэ чиглэлд төрөөс яаралтай шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол олон улс дахь Монгол Улсын нэр хүндийн ноцтой асуудал болж байна. Зөвхөн нэг, хоёр удаагийн ч үйлдэл биш байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо УИХ-ын даргын зөвлөлөөр шийдсэний дагуу өнөөдөр Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Цагдаа, тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зүйлс байсан учир мэдээллийг хаалттай горимд хийлээ.

Байнгын хороо зөвхөн энэ мэдээллийг сонссод зогсохгүй, энэ чиглэлээр тогтоол батлах нь зүйтэй гэж хэлэлцээд дэмжлээ. 

Байнгын хорооноос:

Нэгдүгээрт, Томилгоо хийж буй болон томилогдож буй этгээдүүдийн хариуцлагыг чангатгах чиглэлээр томилгоо хийхтэй холбоотой асуудлуудыг үүрэгжүүллээ. 

Хоёрдугаарт, Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд болон гадаад хэргийн яамд паспортуудыг нарийн хянах хэрэгтэй. Нэг хүн хоёр дипломат паспорт авчихаад нэгийг нь хураалгадаг ч нөгөө паспортаараа зорчдог явдлыг таслан зогсоох 

Гуравдугаарт, Автомашинуудад дипломат дугаар олгох шийдвэрийг Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд шийддэг. Гэвч эргээд хариуцлага хүлээх үйл ажиллагааг хэвшүүлэх шаардлагатай байна гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.