"Тавантолгой" ХК-иас олон мянган тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээллээс болж, ажилчид хэрхэн хохирч буй талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, "Тавантолгой" ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэд "Нүүрс алдагдсан асуудал хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж буй учир мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс бид нүүрс алдагдагсанаас ажилчид хэрхэн хохирч буй талаар мэдээлнэ" гэдгийг онцлон хэлэв.

Энэ үеэр Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал "Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Ялангуяа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай "Эрдэнэс тавантолгой", "Таван толгой", "Энержи ресурс" зэрэг томоохон компаниудын нүүрсний экпорт Монгол Улсын эдийн засагт маш их ач холбогдолтой. 

"Тавантолгой" бол орон нутгийн өмчит компани. Тус компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн, 49 хувь нь гадаад, дотоодын хувь хүмүүсийн эзэмшилд байдаг. "Тавантолгой" нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн голд байрлаж, 169 мянган га талбайд нүүрс олборлож, экспортлодог бөгөөд 53 жилийн түүхтэй. 

Энэ компанид 200-аад хүн ажиллаж байна. Тэдний сэтгэл санаа маш хүнд байдалд хүрлээ. Засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжихэд эдийн засгийн асуудлыг олон өнцгөөс хардаг. Үүнээс болж юмуу, эсвэл үнэхээр ямар нэгэн хулгайгаар уу бүү мэд /шүүх тогтоогоогүй байна/ олон мянган тонн нүүрс алдагдсан. Удирдлагад нь байсан хүмүүс аливаа асуудалд орооцолдсон байж болно. Бид үгүйсгэхгүй. Шалгаж байгаа байх. Гэтэл тэнд ажиллаж буй жирийн ажилчин, уурхайчдыг хулгайч мэтээр нийгэмд харагдуулж байна. 

Энэ явуургүй байдлаас болж тус компанийн ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Цалин буурч, ажлын байрны баталгаа алдагдаж, итгэл алдарлаа. "Таван толгой" компани эдийн засгийн үзүүлэлтээрээ Монголын Топ-100 ААН-д удаа дараа шалгарсан. Уурхайчид маань үүнд жигүүрлэж, өдөр шөнөгүй зүтгэж байна. 

Гэтэл улстөрийн бохир асуудлаас болж, компанийн ажилчид бүгд хулгайч гэсэн нэр зүүж, айж эмээх асуудлууд бий боллоо. Энэ асуудлаар "Таван толгой" компанийг шалгаад гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Яасан дүгнэлтээ гаргадаггүй хуулийн байгууллага юм бэ. Буруутай бол эзнийг нь тогтоогоод, холбогдох шийтгэлийг нь оноо. Буруугүй бол тэрийг нь зарлаад компанийн ажилчдын нэр төр, ажиллах урам зоригийг сэргээх шаардлагатай.

Улс төрийн болчимгүй үйлдэлтэй холбогдуулж компанийн нэр төрд халдаж буйд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний  эвлэлийн холбоо харамсаж байна" хэмээлээ.

Үргэлжлүүлэн "Тавантолгой" ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Махгал "Сүүлийн 2-3 жилд цахим орчим, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Таван толгой" ХК-ийн нэр хүндэд халдаж, хуулийн байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй байхад олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр зарим хүн ярьж, улстөржсөн гэдэг мэдээллийг удаа дараа санаатайгаар тарааж байна. Энэ нь компанид сөргөөр нөлөөлж, хувьцааны үнэ унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг байдлыг бий болгож байна. 

Дээрх байдлаас үүдсэн хууль хяналтын байгууллагын шалтгалтууд компанийн үйл ажиллагааг удаа дараа доголдууллаа. Тухайлбал, Зөвхөн 2018 оны судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс олборлож, улсын төсөвт 18 тэрбум төвлөрүүлж, компани өөрөө 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдууллаа. Энэ нь жирийн ажилчин, уурхайчдын цалин, урамшуулалд шууд сөргөөр нөлөөлж, гэрээ биелэгдэхгүйд хүрч байна.

Тиймээс үнэн зөв нь тогтоогдоогүй байгаа, ажилчдад сөргөөр нөлөөлөх мэдээллийг хандалт авах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтан цацаж буйгаа зогсоохыг бид шаардаж байна" хэмээн онцлон мэдэгдэв.