Өнөөдөр өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хад суурин орчимд жолооч нар цуглаж зам хааж эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ.

2019 оны 10 дугаар сарын байдлаар Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн тээврийн нөхцөл байдал хүндэрч, тээврийн компаниуд тээврийн хөлс, тарифын уналтаас санхүүгийн хямралд орж, цаашид тээврийг хэвийн явуулах нөхцөл алдагдаж 2019.11.21- ний байдлаар уртын тээвэр зогссон байдалтай байна. 

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс БНХАУ-ын Чалко компаниас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар тээврийн компаниудад мэдэгдсэн аж. Иймээс уртын тээврийн компаниудын сул зогсолт хийхэд хүрчээ. 

Хятадын талаас нүүрс авалт буурч хилээр татах машины тоо эрс цөөрсөн тул жолооч нар нүүрсээ буулгаж чадахгүй 3-5 хонож байгаа бол богино тээвэрт гаалийн хяналтын талбайгаас ачуулж гарах гэж 7 хонож кабины манаач хийх болжээ. Зарим тохиолдолд 10 хоноод 1.2 км урагшилж байгаа тул жолооч нар ийн бухимдаж байгаа юм 

Хүйтний улиралд хүйтэн кабиндаа олон хоног ийнхүү гацсанаас хоол хүнсний мөнгөө барж түлшээ дуусгаж цаашид тэвчих нөхцөлгүй болж байгаа тул яаралтай зохицуулалт хүсч ийнхүү зам хааж эхэлжээ. Цагаан хад суурьшлийн бүст яг одоо жолооч нар бөөгнөрөн Оюутолгойн экспорт зам Гашуун сухайтын экспортын замта огтлолцдог уулзвар дээр цуглан зам хаах тухайгаа мэдэгдэж байгаа юм байна.