Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 05-нд Тээвэрчдийн гэргий нарын холбоо, "Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Тэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийсэнтэй холбоотойгоор тус үнэлгээнд тусгагдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрхийн зөрчлийг арилгуулахийг хүслээ. 

Тухайлбал тээвэр, нүүрс ачилт, буулгалтыг хүний эрүүл мэндэд хор хөнөөл багатайгаар зохион байгуулах тухай Засгийн газрын 320 тоот тогтоолын заалтыг хангуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг дээрх иргэний нийгмийн байгууллагуудаас тавьж байгаагаа илэрхийлэв.

Тээвэрчдийн гэргий нар  "Өнөөдрийн байдлаар 140 орчим аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авсан, 12 мянга гаруй нүүрс тээврийн хэрэгсэл байгаагаас 2000 орчим нь л монгол эзэнтэй, үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай тул тэдэнтэй нийгмийн хариуцлага тооцоход хялбар биш болохыг бид ойлгосон. Бидний зүгээс жолооч нарын ажил амралтын цагийг тодорхой болгох, тухайлбал шөнийн тээврийг өдрийнх болгох, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, архи согтууруулах ундаа худалдаалах цэгт хяналт тавих, тэрэгний бүхээгийн халаагуурыг стандарттай болгохыг шаардаж байна гэв.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг "Цагаан хад”-ны гаалийн хяналтын бүсэд томилон нүүрс ачилт буулгалтын талбайн үйл ажиллагаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй хор хохирлын талаар хамтарсан дүгнэлт гаргуулах, тэнд үүсээд буй нөхцөл байдлыг талууд хэлэлцэх, замын ачааллыг бууруулах зэрэг саналыг тавьж байна гэлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар тэдэнд, "Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлолт, тээвэрлэлттэй холбоотой үүсч буй хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, жил бүр Өмнөговь аймагт хэд хэдэн удаа очиж ажилладаг тул нөхцөл байдлыг сайн мэднэ. Цаашид ч энэ чиглэлээр хийх зүйл их бий. Холбогдох байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг ярилцаж байгаа. Та бүхний санал, хүсэлтийг хүлээн авч байна. Ямар ч үед манай үүд хаалга нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн байна.