Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.

“Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа.


БНХАУ, Солонгос улсад дээж хүргүүлсэн

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. 

Дотоодын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжилгээнд хамруулснаас гадна БНХАУ, Солонгос улсад дээжийг хүргүүлсэн. Цаашид ОХУ, Япон зэрэг улсуудад шинжлүүлэхээр болсон” гэлээ.

Мөн 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна гэв.


Барьцалдуулагч бодисын бүтцээс хортой бодис илрээгүй

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Шахмал түлш, барьцалдуулагч бодисноос шинжилгээ авч лабораториудад шахмал түлшний техникийн үзүүлэлтүүдийг шинжлүүлэхэд Ашигт малтмалын төв лабораторид 12 дээж, Геологийн төв лабораторид 9 дээж өгсөн. Эдгээр дээжүүд Улсын чанар стандартыг хангасан гэж гарсан. Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн Хими технологийн хүрээлэнд шахмал түлш, барьцалдуулагч хоёрын химийн бүтцийг шинжлүүлэхээр өгсөн байгаа” хэмээн мэдээлэл хийлээ.

Хуралдааны үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлуудаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, нийслэлийн Агаарын бохирдолт тэмцэх газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөллүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-ийг Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн  хурлаар дэмжсэн. Лабораториудын дүгнэлтийг үндэслэж шахмал түлшний норм стандартад нийцэж байгаа учраас үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.


Түлшинд буруу тохоход арай эрт байна

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга хэлэхдээ “нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийгдэж ирсэн одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ний ахлах зөвлөх н.Бадамхатан "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өдөр бүр манайд үлйдвэрлэгдэж байгаа түлшнээс дээж авч  шинжилдэг. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна” гэв.

“Тавантолгой түлш” компани нь Эрчим хүчний яаманд  харьяалагддаг төрийн өмчит компани аж.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор  сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, мөн “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. 

Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.