"Эрдэнэс Монгол" ХХК үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тухайлбал,

  • “Эрдэнэс Метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн,
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүлсэн,
  • “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж байгаа аж.
  • Түүнчлэн Монгол Улсын 3 сая иргэнд “Эрдэнэс Монгол” компанийн 1 ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Харин 2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд 5 сая ширхэг хүртэлх давуу эрхийн хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байх юм.

Мөн нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг эрчимжүүлэн, 45 км замыг асфальтаар хучиж, 2500 автомашины багтаамж бүхий амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж дуусган, жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч, ирэх 10 дугаар сард ЭМЯ-тай хамтран дахин үзлэг, шинжилгээг хийхээр төлөвлөжээ.