Монголчууд НӨАТ-ын 2 хувийн урамшуулал авдаг болоод 3 жилийн хугацаа өнгөрчээ. Далд эдийн засгийг бууруулах ач холбогдолтой энэхүү системийг сүүлийн үед попорсон улс төрчид оролдож сайн муугаар хэлж, ард нийтийг хуйлруулах болов. Дэлхийд байхгүй арга хэлбэрийг Монголд нэвтрүүллээ болохгүй, бүтэхгүй л гэнэ. Судлаад үзвэл 1950-иад онд Францад дэлгэрсэн юм билээ. Тухайн үед иргэд нь зөвхөн бэлэн мөнгөөр худалдаа хийгээд байсан учир энэхүү НӨАТ-ын системийг нэвтрүүлж л дээ. Үүний ачаар тус улс төсвийнхөө тал хувийг бүрдүүлдэг болтлоо хөгжүүлээд буй. Өдгөө дэлхийн 140 гаруй улс НӨАТ буюу хэрэглээнд оногдуулж эцсийн бүтээгдэхүүн хүрэх үед нэг удаа цуглуулж буй татварыг төлж байна. Ийнхүү өргөн нийтээр хэрэглэдэг ч эдгээр улсууд НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал өгдөг эсвэл сугалаанд иргэдээ хамруулдаг. Харин энэ хоёр урамшууллыг нэгэн зэрэг ашиглаж, иргэддээ боломж олгож байгаа нь зөвхөн манай Ул. Монголын IT инженерийн залуусын бүтээсэн энэхүү систем манай улсад амжилттай хэрэгжиж байгаа тул нутагшуулахаар төв Азийн орнууд сонирхож, судлахаар ирж буй мэдээ ч дуулдсан.


НӨАТ бидэнд юу өгөв

Өмнө дурдсанчлан НӨАТ-ын буцаан олголттой, сугалаатай урамшуулал нь Монголд л анх удаа хэрэгжиж буй өвөрмөц онцлогтой систем билээ. Давуу талынх нь хүчинд монголчууд бүх нийтээрээ НӨАТ гэдэг зүйлийг ойлгож авсан. Дагаад энэхүү цахим системийг хэрэгжүүлснээр хаана ямар өртөг нэмэгддэг талаарх бүх мэдээлэл ил тод болж, бүртгэл сайжирсан. ААН-ийн бүртгэл сайжирна гэдэг цаад агуулгаараа эдийн засгийн үзүүлэлтүүдээ үнэн зөв гаргахад улсад ч нэмэртэй. Иргэдийн хувьд ч татварын талаарх уламжлалт ойлголтоо шинэчилсэн үзэгдэл байв. 

Яг үнэндээ бидний татварын тухай ойлголт их эртнийх буюу төрт улс үүссэн цагаас эхэлсэн юм шиг бичигдэж яригддаг. Гэхдээ бодит байдал дээр мөлжлөг мэт ойлгож ирсэн хуучирсан ойлголтоо халахад тус нэмэр болсон гэдгийг онцлууштай. Мөн зах зээлийн нийгэмд иргэн бүр их бага гэлтгүй татвар төлөх ёстой гэсэн сэтгэлгээг и баримтын систем хөшүүрэг болгон суулгаж чадсан нь олзуурхмаар дэвшил байв. 

Үр дүнд нь 2017 онд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт өгсөн бол энэ тоо өнгөрсөн жил 121 тэрбум төгрөг болж өссөн билээ. Энэ гурван жилийн хугацаанд эдийн засаг 3 дахин өсөөгүй. Яагаад ингэж нэмэгдэв ээ гэж үү. Бид НӨАТ, татварын талаарх хандлагаа л өөрчилсөн болохоос өмнөхөөсөө ихийг халааснаасаа төлөлгүйгээр татвараасаа зугтдаг ААН-үүдийг бүртгэлжүүлэн үр шимийг нь хүртсэн хэрэг. 

Сүүлд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог ebarimt аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болсон билээ. Мөн цахимаар татвараа хянах боломж ч бүрдэж буй. Шийдэл мөн л и баримт  аппликейшн юм. Иргэн та иргэний үнэмлэхийн ард байх QR кодыг л уншуулахад жирийтэл гараад ирэх нь. Төлсөн татвартаа иргэн хяналт тавих боломж бүрдэж байна л гэсэн үг. 

Үүнээс гадна он гарангуут хэрэгжих Монгол Улсын татварын багц хуулийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt аппликейшнд нэвтрүүлэхээр зэхжээ. 

Ирэх жил цахим засаглалын цоо шинэ бодлого баримтлах юм билээ. Энэ эрчээрээ бид Эстонитой ижил цахим засаглалтай, авлигагүй, ил тод засаглалтай болох хол биш санагдана. Гэхдээ дэврүүн мөрөөдлөө бодитоор, тууштайгаар ажил хэрэг болгох л чухал. Эцэстээ иргэн хүн татвараа төлнө, хууль дүрэм биелүүлнэ гэдэг ерөөсөө л бусдын эрх ашгийг, бие биенээ хүндэтгэж, байгаа хэрэг. Тийм учраас л соёлт нийгмийн иргэн бүр хуульдаа заавал захирагдах учиртай. Харин тэр хууль дүрэм нь таны, бусдын  эрх ашгийг хохироогоод байгаа бол засч залруулах хэрэгтэй гэсэн дүрэм бийг мартаж болохгүй. Бид ингэж татвар, хууль дүрэмдээ хандах сэтгэлгээгээ өөрчилж чадаагүй цагт эмх цэгцэндээ орсон үнэт зүйлс нуран унаж, улс төрчдийн популизм цэцэглэх суурь болж л таарна.


Татварын багц хууль “хадны мангаа” юу?

Компани, ААН-үүдийн удирдлагууд татвар чангарах нь, орж ирсэн бүгдээс татвар авах нь гэсэн айдас хэдийн үүсжээ. Арга ч үгүй юм. Шинэ бүхэн хэцүү санагддаг. Гэхдээ бодит байдал дээр иргэдийн ойлгож байгаа шиг татварын хуулийг шинэчлэхдээ хураах хувь хэмжээг нь нэмээгүйг ойлгоно. Судалж үзвэл бизнесийн орчныг дэмжих томоохон өөрчлөлтийг оруулсан, татвараас хөнгөлөгдөх чөлөөлөгдөх боломжийг нэмсэн гээд давуу тал олонтой. 

Тухайлбал татварын хялбаршуулсан горимыг ашиглан 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол нийт орлогын дүнгээс 1%-иар татвар төлж жилд 1 удаа тайлан гаргахаар тусгажээ.

Гол нь тайлан гаргахад санхүүгийн мэдлэг шаардахгүй, и баримт апп л таны баримтаар нотолж тайлан гаргачихна гэсэн үг. Үндсэндээ үүргээ биелүүлдэг, татварын орлогоо хуулийн дагуу тооцоолдог, зөв тайлагнадаг ААН, иргэдэд ээлтэй хууль гэдгийг эдийн засагчид онцолж байна.  Харин татвараас зугтаж, аргацааж ирсэн хэсэг бүлгийнхэнд таатай нөхцөл мэдээж биш. Тийм учраас тайлангаа л ёс журмын дагуу гаргахыг энэ хууль шаардаж буй. Үүний ард  Х тайлантай боловч үйл ажиллагаа явуулдаг, татвараас зайлсхийдэг 40 гаруй мянган аж ахуйн нэгжүүд энэ хуулиар цэгцэндээ орохоос аргагүй болно. Ийнхүү шударгаа тайлагнаж чадвал 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн хувьд ногдуулсан албан татварыг 90 хувь хөнгөлөх заалт ч багтжээ.

Шинэ хуулиар иргэн бүр татвар тѳлѳгчийн дугаартай байх заалт бий. Энэ нь иргэн бүрээс татвар авна гэсэн үг. Төр нэгдсэн дататай л болж байгаа хэрэг, тэгэхээр шинэ хуулиас айх бус хуулийн зохицуулалттай танилцах, иргэний үүргээ биелүүлэх л үлдэв. 

Улсын хөгжил, эдийн засгийн өсөлт тухайн улсын иргэн бүр үүрэг, хариуцлагаас эхэлдэггүй гэж үү. Хариуцлагатай гэдэг үгийн ард үүрэг хүлээдэг гэсэн утга байнга дагаж яваа. Үүрэг хүлээдэггүй хүмүүс л популизмд турхирч, эрх ярьж суудаг.  

Бүгдээрээ татварт, аливаа шинэ бүхэнд хандах хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх цаг ирчихжээ.

Юуны төлөө вэ гэж үү. Өнөөгийн Венесуэль, Зимбабвегийн эмгэнэлтэй жишээг давтахгүйн тулд бид нийгмээрээ бэлэнчилсэн сэтгэлгээнээс салахаас, попорсон амлалтаас татгалзахаас өөр сонголт байхгүй. Венесуэлийн удирдагч Уго Чавес гэхэд 1978 онд тухай үед ашигт малтмалын лицензийг нь хурааж аваад, ард түмэндээ үнэгүй байр орон сууц өгч өрийг нь тэглэнэ, байгалийн баялгийнхаа үр шимийг хүрт гээд уриалчихсан. Үндсэндээ ард түмэн үүрэг хүлээхгүй, татвар төлөхгүй зарчимтэй. Үр дүн нь юунд хүргэв. Өнөөдөр эдийн засгийн сул дорой байдлаасаа болоод утгаараа мод бариад байна. Зимбамве ч ялгаагүй. Өнөөдөр эдийн засгийн сул дорой байдлаасаа, гадаад дотоод хөрөнгө оруулалт бизнесээ дэмжээгүйгээс болоод мөнгөн тэмдэгтээ юан болгочихсон. Алдаа бүхэн төлөөстэй. Төлөөсөнд нь өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэн нь удирдагчдаа хараан зүхэж хэдэн зуун мянгаараа дүрвэж байна. 

Бусдыг шүүмжлэх ч яамай, ингэхэд бидэнд бас гэсэн өөрсдөө гай тарьчихаад өрөөлд хариуцлагаа тохдог зан бий байх аа...