Тэр нэлээн хэдэн залуутай үерхсэн ч салсан. Хайрласан,  хайрлуулсан, хаясан, хаягдсан түүхийн аль аль нь түүнд бий. Асуудал хэнд нь ч байсан тэр хамтын амьдралдаа амжилтгүй нэгэн гэдгийг бид мэднэ. Сэтгэл гутралд орж, нэг хэсэгтээ бусдаас харилцаа холбоогоо тасалж утсаа ч авахгүй алга болсон.

Одоо харин тэр хайраар гэрэлтэж яваа. Бараг жил сураг алдарсны дараа хацар нь гэрэлтэж, инээд алдан орж ирэхэд арайхийн таньсан билээ. Бүсгүйчүүд л хойно амаа чилтлээ ярилцаж, инээж уйлцгаасан.

Хамгийн гол нь тэр өөрт нь тулгарч байсан асуудлынхаа шалтгааныг ойлгосон байв.

Тусалсан хүн нь түүний найз залуу. Сэтгэл хөдлөлөө таньж сурсан минь миний олж авсан хамгийн чухал зүйл гэж тэр хэлсэн. Цойлсон амжилттай яваа найзтайгаа уулзаад гэртээ орж ирээд уцаарлангуй байгаагаа тэр өөрөө ч анзаардаггүй байж. Сэтгэл хөдлөл өндөртэй үедээ шийдвэр гаргах нь байх л зүйл. Энэ араншинг нь анзаарсан найз залуу нь “Чи зүгээр үү. Чамд яг ямар мэдрэмж төрж байна” гэсэн асуултыг өдөртөө хэд хэдэн удаа тавьдаг байжээ. Утгагүй асуулт шиг санагдаж байгаа биз?

Зүгээргүй гэдгийг мэдэж байгаа учраас яг тухайн үед төрсөн мэдрэмжийг нь асууж, лавлаж байгаа хэрэг. Уурлаж байгаа бол дахин гүнзгийрүүлэн бухимдах бус хэсэгтээ тэр сэдвийг орхихыг түүнд зааж өгсөн хэрэг. Түүний зөвлөснөөр заримдаа зүгээр л хажуугийн дэлгүүр рүү ороод талх аваад гараад ирэхэд л тайвширчихдаг гэдгээ тэр энэ аргаас мэдсэн.

Image for post

Энэ тухайгаа “Уурласандаа байж болох хамгийн муу үгийг түүндээ хэлчихээд тайвширсан хойноо өөрийгөө зөвтгөн элдэв юм бодолгүй гэнэн цагаахнаар хэлчихлээ гэж уучлал гуйдаг. Яг үнэндээ би өөрийнхөө сэтгэл хөдлөлөө ойлгодоггүй байж. Цагаахан гэж өөрийгөө зөвтгөдөг ч яг үнэндээ бусдыг өвтгөдөг дотроо тас хар, шал түүхий хүн юм байжээ гэдгээ мэдсэн. Бага насаа европт өнгөрүүлсэн найз залуу нь сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ, өөрийгөө хэрхэн хянах чадварт багаасаа суралцсан нь зол байж.

“Үнэндээ амьдрал амар биш шүү дээ. Асуудлын шалтгааныг өөрийн бодол мэдрэмж, сэтгэл хөдлөлөөсөө эрж сурах юм билээ. Миний сэтгэл зүйн байдал бусад хүмүүст яаж нөлөөлдөг вэ, намайг юу уурлуулж стрессдүүлдэг вэ гэдгийг нухацтай бодож хариултаа олж байж хамтын амьдралаа зохиох ёстой ” гэдгийг ухаарсан гэв. Олон салалтын шалтгааныг ингэж олдсон.

…Хүн үгээ хэлэхээсээ өмнө бодох ёстой. Хэрэв энэ үгийг хэлчихвэл тэр хүнийг гомдох болов уу, яах бол гэдгийг урьдчилан дүгнэх учиртай. Үүний дараа л амнаас үг болгон гаргах ёстой. Юу ч бодохгүйгээр бурчихаад “Би юм бодохгүй ярьсан, би чинь гэнэн цагаахан хүн” гэдэг. Юм бодохгүй хэлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хэл нь тархинаасаа түрүүлж хөдлөөд байна гэсэн үг үү. Хэрэв тийм бол тэр хүнтэй нөхөрлөх хүн байх уу. Хүн байгалиас заяагдсан бодож сэтгэх чадвараа хэрэглэхгүй бол тэжээвэр мал, зэрлэг ан амьтнаас юугаараа ялгаатай гэж?” гэсэн хэлсэн Д.Жаргалсайхан хэмээх эрхмийн ярилцагчийн үг санаанд хамгийн түрүүн буусан.

Тэр нээлттэй тулдаа өөрийнхөө сэтгэл зүйн зөрчлөө надад илчилсэн, аргаа ч хуваалцсан. Амьдрал гэдэг аялалд гарсан ч аар саархан зүйлд учраа олох ухаан, сэтгэл зүйн мэдлэг, өөрийнхөө учрыг олох ухаан залууст дутагддаг нууц биш. Энэ асуултад хариулж, бодож тунгаалгүй хийсэн үйлдлээсээ болж залуус гэмт хэрэгт холбогдож, гэр бүлээ цуцлуулж байна.  Үндсэндээ EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан бидэнд дутаж байна. 

Энэ бол EQ- Emotional Quotient/Intelligence буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны тухай сэтгэл судлаач доктор Даниел Големаны гаргасан “Сэтгэл хөдлөлийн ухааны таван бүрдэл” 1995 онд ном бичсэнээр одоог хүртэл ажил, амьдралын амжилт, сайн сайхан байдалтай холбон судалсаар байгаа билээ. Барууны орнуудад хүүхдэд доорх чадварыг багаас нь зааж сургадаг ажээ.

Self-awareness буюу Өөрийгөө ухамсарлах — Өөрийн давуу болон сул тал, өөрийн хөдөлгөх хүч болон сэдэл, үнэт зүйл юу болохыг мэддэг. Энэ нь бусдад хэрхэн нөлөөлж болохыг мэддэг.

Self-regulation буюу Өөрийгөө удирдах — Багийн уур амьсгал, өөрийн бүтээмж гүйцэтгэл, амжилтыг үймүүлж болохуйц сэтгэл хөдлөл, үг, үйлдлийг хянаж, зохицуулж, удирдаж чаддаг.

Empathy буюу Бусдыг ойлгох — Бусад хүмүүсийн сэтгэл зүйг ойлгохоос гадна яагаад тийм байгааг ойлгодог, ойлгохыг хичээдэг.

Motivation буюу Өөрийгөө сэдэлжүүлэх — Мөнгө, нэр хүнд гэх мэт гадны урамшуулал, шагналын төлөө биш өөрийнхөө төлөө амжилтанд хүрэх эрмэлзэлтэй.

Social skills буюу Харилцааны чадвар — (Зорилгодоо хүрэхийн тулд) Харилцааг чадварлагаар авч явж , бусадтай таатай харилцааг өрнүүлж, тогтоож чаддаг.

Асуудлыг дараа нь архинаас, аав ээжээс, түүнээс боллоо гэж  халаглаад өнгөрдөг. Буруутан лав өөрөө биш.Тэгвэл амьдралаа золих аймшигт шийдвэр түрхэн зуурын сэтгэл хөдлөлөө таниагүйн үр дагавар байж болох уу?Хайран  залуус, өөртэйгээ хамт хэчнээн их хүсэл мөрөөдлөө, ах дүүсийнхээ хайр итгэлийг авч одсоноо тэр даанч үл мэднэ.

Ухан бодох л учиртай…

Уур гэж юу юм бэ гэхэд “Бусдын үйлдлийн төлөө өөрийгөө сайн дураар шийтгэх” гэж тайлбарласан байдаг. Яаж уурлалаа ч гэсэн уур амины үнэтэй байх ёсгүй.

Амьдралд хэцүү асуудал зөндөө тулгарна. Гэвч шийдвэрлэгдэхгүй асуудал гэж үгүй. Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь онгорхой байдгийг байнга санаж яваарай.