Өчигдөр шөнийн 1 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын Эрүүл мэндийн газарт нэг гэр бүлийн хоёр иргэн их хэмжээгээр халуурсан шинж тэмдэгтэйгээр хүргэгджээ. 

Тус эмнэлэг мэс заслын тасгийн эмчийн анхан шатны үзлэгээр ямар нэгэн хордлого, үрэвсэл байхгүйг тогтоон, Тархвар судлалын тасагт шилжүүлжээ. Тухайн үед иргэн Б, О нар нь тарваганы мах идсэнээ гэдгээ хэлсэн учраас тэдэнтэй хамт тарваганы мах идсэн гурван иргэнийг тусгаарлажээ.

Сэжигтэй хоёр тохиолдлын лаборотарийн шинжилгээний хариугаар үгүйсгэгдсэн болохыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Тухайн үед тарваган тахал өвчний хандалт судалгааны ОХУ, Монголын баг ажиллаж байсан бөгөөд сэжигтэй тохиолдлоос дээжилсэн сорьцод молекул биологи, ийлдэс судлал, хурдавчилсан тестийн шинжилгээ, лабораторийн шинжилгээ хийхэд онош үгүйсгэгдсэн гэлээ.

Өмнө нь тус суманд тарваган тахал илэрч байсан билээ.

Иймд  хууль бусаар тарвага агнаж, хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөртөө болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.