Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгоны 2 иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилсөн хэрэг гарсан. Тухайн иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нөхөр болох “Т” нь 04- сарын 28—ний өдөр, эхнэр болох “Р” нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 05-р сарын 01-ний өдөр нас барсан юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх үүднээс 2019- оны 04-р сарын 30 өдрөөс эхлэн 6 хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Харин өнөө өглөө аймгийн Онцгой комисс 8 дахь удаагаа хуралдаж Зооноз өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яамтай цахим хурал хийж, шинжилгээний эцсийн хариуг авч, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Тарваган тахал нь уушгины, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн 5 хэлбэрээр өвчилдөг бөгөөд иргэн “Т” нь гэдэсний, Иргэн “Р” булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр тогтоогджээ.

Уг өвчнөөр өвчилж нас барсан иргэдийн 1-р хавьтагч болох хүмүүсийг байнгын эмчийн хяналтанд байлгаж, өдөрт 3-4 удаагийн үзлэг хийж, зохих шинжилгээг авч, эмийн эмчилгээг хийж байгаа ба одоогоор өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өглөө.

Мөн тарваган тахлын халдварын нууц үе 6 хоног байдаг ба энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулна гэв.

Түүнчлэн иргэдэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж хамтарч ажиллахыг зөвлөсөн юм.