Өнгөрч байгаа долоо хоногт манайд болсон төрийн, татвар төлөгчдийн хоёр ч томоохон үйл явдал ковидоос үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг  монголчууд бид даваад гарчхаа юу даа хэмээн бодоход хүргэв. Цар тахлыг хохирол багатай даван туулж байгаагаа хэлэлцсэн Төрийн ордны хурал алга ташилтаар дүүрэн байсныг сонсоод, МҮХАҮТ-ийн “Хөгжилд хөтөлсөн жаран” ойн арга хэмжээ төсөр биш нүсэр, хэмнэлтэй биш тансаг болж буйг хараад айдас ард хоцорчээ гэж тайвширмаар санагдлаа.  

Гэтэл би арваадхан хоногийн өмнө татвар төлөгчдийг төлөөлдөг үндсэн байгууллагын тэргүүний “Монгол улсын эдийн засаг энэ янзаараа үргэлжилбэл, улсаараа дампуурах аюул ойрхон байгаа”г анхааруулж, Засгийн газрын хэт үрэлгэн байдлыг шүүмжилснийг уншаад “тийм шүү” гээд сууж байгаагүй сэн билүү.

Яана даа... гэж бодож амжаагүй байтал ашгүй харин баялаг бүтээгчид маань баяраа өдөр дамнан нүсэр тэмдэглэж, нөхцөл байдал тийм ч хүндэрчхээгүй байгааг олон нийтэд үйлдлээрээ харуулав. Хэрэв үнэхээр тэдний нөхцөл байдал хутганы ирэн дээр байсан сан бол Ковидын хямралтай давхацсан 60 жилийнхээ ойг  арай өөр өнгө төрхөөр тэмдэглэж, “чихгүй” гэж хочлоод буй Засгийн газрын сонсгол, мэдрэмжийг шалгах байсан болов уу. Бас иргэддээ хэмнэж, гамнаж, үүрч дүүрч, хасуулж, тануулж байж хямралыг туулж байгаагаа харуулах байсан биз татвар төлөгчид  маань.  Гэтэл тэгсэнгүй.

Өдөр дамнан наадахдаа урлагийн соруудыг наадмын хөтөлбөртэй нь төв талбайд цэнгүүлж, танхимдаа тоглуулж, 1000 илүү зочидтой хурал хуйгаар найрлан, бэнчингээ харуулах гэсэн шиг бие биедээ арьсан эдлэл бэлэглэцгээв. Ингэх ч  эрхтэй л дээ, тэд ямар бусдаас мөнгө татаж, нийтэд түгээж нэр олдог улс төрчид биш.  Гэхдээ “ковидын үед төсөвт хүний сэтгэлээр татвар төлөгчдийн мөнгөнд үрэлгэн хандаад...” буйг шүүмжилдэг өөрсдийнх нь үгтэй үйлдэл нь зөрөөд байна уу даа гэхдээ л.   

За тэгээд өнөө маргаашдаа байтугай, ойрын 2-3 жилд дэлхийд эдийн засгийн хямрал саарахгүй, эдгэхгүйг анхааруулсан энэ цаг үед, ажилгүйдэл нэмэгдэж, улсын  өр зузаарч, эдийн засгийн өсөлт хасах руу орж буй нөхцөлд үйлдвэрлэгчдийн, татвар төлөгчдийн хандлага  өөр байх болов уу гэсэн хүлээлт байсан болохоор л илүү хошуулаад байгаа хэрэг.   

Айдгаа ардаа хийгээ юу гэсэн дээрх бодлоо баримтаар баталгаажуулах гээд хайлаа. 

Дэлхий нийтээрээ Ковид 19-өөс шалтгаалсан эдийн засгийн хямрал, эрсдлийн эцсийн цэг хаа хатгагдахыг тогтоож чадаагүй л байна. Ковидын халдвар үргэлжлэн тархаж, тэрхэрээр улс орнууд, бүс нутгийн эдийн засаг саарсан хэвээр байгаа мэдээ унрсана. АНУ л гэхэд  нөхцөл байдал уруудаж буйг тооцож  эдийн засаг, бизнесээ дэмжих  2.2 их наяд ам долларын арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад байгаагаа мэдээлжээ.    

Дэлхийн, тэдундааАзийн эдийн засаг COVID-19 цар тахлын нөлөөгөөр сүүлийн 60 жилд анх удаа агших төсөөлөл гаргаад буй Азийн хөгжлийн банк /АХБ/ цар тахал хэзээ дуусах нь өнөө хэр бүрхэг хэмээн анхааруулсан нь янзаараа л байна.     

Дотоодод ковидоос үүдэлтэй эдийн засгийн агшилт,  хямралын нөлөө,  шок ажлын байрыг улам хумисаар буйг статистик, бас бодит амьдралаас анзаарч болно. АХБ-ны эдийн засагчдын тооцоогоор манай боловсруулах, тээвэр аж үйлдвэр, агуулах, үйлчилгээний салбарт нийт ажиллагсдын тоо эхний хагас жилд 28 мянгаар цөөрчээ. Энэ бол дөрөвхөн салбар дахь ажлын байрны өөрчлөлт. Тиймээс ч цаашдаа хямрал хэчнээн хүнийг  ажилгүй болгохыг урьдчилан тооцоолохыг ч зөвлөөд буй.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр оны эхний хагас жилд зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 10 хүртэл мянга, боловсруулах салбарт 7.6 мянга, тээвэр, агуулахын салбарт 4 мянга, үйлчилгээний салбарт 6.3 мянган ажлын байр хумигдсан гэдэг нь дээрхтэй дүйж байгаа юм.

Нөгөө талд хямралаас гадна манай улсын бизнес эрхлэлтийн хууль эрх зүйн орчин нөгөө л  байдгаараа. Дэлхийн банкны өнгөрсөн жил гаргасан “Бизнес эрхлэлтийн индекс 2020”-д Монгол улс хууль эрх зүйн хараат бус байдлаараа 190 улсаас 120, Засгийн газрын зохицуулалтаар 117, маргаан шийдвэрлэхэд хууль эрх зүйн хүрээний үр өгөөжөөрөө 114, өмчийн эрхээрээ 113, бодлогын тогтвортой байдлаараа  121-д тус тус  эрэмбэлэгдсэн. Эдгээр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрчилдсөн үү гэдэг уншигч та өөрөө хариулж чадах биз.

Ийм хариултын эцэст бид айдгаа ардаа хийчихсэн мэт аашилмааргүй байна аа. 60 жилийн түүхтэй,  5000 хол давсан гишүүн байгууллагатай, бизнес эрхлэгчдийн толгой, нийгмийн нөлөөллийн том байгууллага, татвар бүрдүүлэгчид нь өөрсдөө Ковид 19–ын хямралтай давхацсан түүхт 60 жилийн ойгоо гял цал, нүсэр биш, угтаан “коммунист” бус тэмдэглэж, хэрэглэгч, үйлдвэрлэгчид, төрд үйлдлээрээ нөлөөлж, манлайлсан бол гоё харагдах байлаа.

МҮХАҮТ-ын, АН-ын даргын сунгаанд өрсөлдөгчийн байр суурь, рейтинг огцом өсөх байв. Энэ ч яахав гэхэд хямралыг хамтаараа давах сэтгэлгээнд салхи оруулах гоё боломж байсан гэж бодов.