Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, найман сайдыг томиллоо.Тус найман сайдыг танилцуулъя.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох саналыг  хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь дэмжсэн.

Өлзийсайханы Энхтүвшин нь 1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. 59 настай. Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргын албыг тус тус хашиж байсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

Монгол Улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж, гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн.

Гомбожавын Занданшатар 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн.  Тэрээр ажлын гараагаа багшаар эхэлж байсан. Дараа нь Хөдөө Аж Ахуйн банканд ажиллаж байгаад Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдож улс төрд танигдсан. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын албыг тус тус хашиж байсан юм. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн.

Намсрайн Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь түүнийг дэмжиж сайд болголоо.

Нямаагийн Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашжээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг томилох саналыг хэлэлцэж, нийт гишүүдийн 91.3 хувь нь дэмжсэн.

Дамдины Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хэлэлцэж, гишүүдийн 89.9 хувь нь дэмжсэн.

Чимэдийн Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албан тушаалд дахин сонгогдон ажиллаж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилох саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 89.9 хувь нь дэмжсэн.

Цэндийн Нямдорж 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байгаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжив.

Содномын Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Тус найман сайдыг томилсноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн. Өнөөдөр үргэлжлүүлэн үлдсэн долоон сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.