Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас өнөөдөр  мэдээлэл хийлээ.

НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулсан. Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ. Экспресс чиглэл нь зөвхөн НТҮГ-аас тогтоосон зогсоолуудад зогсоно. Ингэснээр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл 10-15 минут зарцуулах боломж бүрдэж байгаа” гэв.

Шинээр үйлчилгээнд нэвтэрч буй атобусны экспресс болон богино чиглэлүүдийг хүргэж байна

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”

Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.


Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”

Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ.

Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

Экспресс 3 чиглэл: “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12зогоолд зогсч үйлчилнэ.

Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

Богино эргэлтийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” шинэ чиглэлийн тухай:

Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл нээн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр богино эргэлтээр зохион байгуулах ба зорчигчдыг дамжин суултын гол зангилаа болох 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэнэ.


Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлд орсон өөрчлөлтийн тухай:

Баянзүрх дүүргийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлүүдийг нэгтгэн 1 чиглэл болгосноор тухайн чиглэлийн үндсэн зорилгод өөрчлөлт оруулахгүйгээр хүлээгдлийн хугацааг 20 минут байгааг 10 минут болгон 2 дахин бууруулж, Жанжин клуб болон Дамдинсүрэнгийн гудамж орчимд оршин суугч иргэдийн зорчих эрэлтэд нийцсэн үйлчилгээ болно.

 

Ч:70 “ТЭЦ3 – Нарны гүүр – Бөмбөгөр – Ард кино театр” чиглэлд орсон өөрчлөлтийн тухай:

Дээрх чиглэлийн хотын төв хэсэг дэх Нарны гүүрээр даваад Баруун 4 замаар эргэж Энхтайвны өргөн чөлөөгөөр Ард кино театр дайран, Бөмбөгөр худалдааны төвөөр буцдаг байсан эргэлтийг өөрчилөн, Баруун 4 замаар шууд Бөмбөгөр худалдааны төв, Ард кино театр болгосноор зорчилтод зарцуулах хугацааг 10 минутаарбагасгаж, иргэдийн зорчих эрэлтийг шуурхай хангахнөхцөл бүрдэх юм.


Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн тээврийн газар