Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хатуу хөл хориог маргаашаас бууруулж, гамшгаас хамгаалах "Шар" түвшинд шилжинэ. 

Энэ хүрээнд:

  1. Уралдаан тэмцээн, 
  2. Аялал зугаалга /гэр бүлээс бусад/, 
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, 
  4. Диско баар, 
  5. Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын төвөөс бусад үйл ажиллагаа, үзвэр, үйлчилгээг тодорхой журмын дагуу нээнэ. Ингэснээр нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээж, эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг УОК-оос мэдээлсэн.

Энэ үед ААН-үүд хэрхэн ажиллах түр журмыг танилцуулж, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Бүх байгууллагад хүн хооронд 2 метрийн зай барина. Амны хаалт тогтмол зүүж, хоёр цаг тутамд солино. Гар ариутгагчийг үүдэндээ байршуулах шаардлагатай"-г онцоллоо.


Түр журмын онцлох заалтуудаас хүргэж байна.

Худалдааны төв, их дэлгүүр, зах зэрэг томоохон худалдааны газрууд:

  • Нэвтрүүлэх хэсэгтээ халдваргүйжүүлэх автомат төхөөрөмжийг суурилуулж, халуун хэмжигч байрлуулж, ариутгах бүхээгтэй болох ёстой.
  • QR код байрлуулж, үйлчлүүлэгчдээр уншуулна.
  • Касс, лангуун дээр иргэдийг бөөгнөрүүлэх байх, хамгаалах шилэн хаалт хийх
  • Бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг уутанд хийх, битүү хоргонд худалдаалах
  • Ажилчдын солих хамгаалал хэрэгслийн нөөцтэй байх

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар:

  • Үүнд ресторан, сүлжээ хоолны газар, цайны газар, кафе, караоке, кофе шопууд орно.
  • Үйлчилгээний танхимын ширээ хооронд 2 метрийн зайтай байна. Аль болох хуванцар хаалт суурилуулах,
  • Аяга , таваг хэрэгслээ заавал гурван дамжлагат угаалгаар тогтмол угаах,
  • Аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, үйлчлүүлэгчийн төлбөрийг карт болон цахим байдлаар төлүүлэхийг хэвшил болгох,
  • VIP болон караоке зэрэг нь нэг өрөөнд 50 хувиас хэтрэхгүй хүн оруулна. Тухайлбал, 10 хүний өрөөнд 5-аас олон хүн оруулахгүй. Хамгийн гол нь үйлчлүүлэгч бүрийн микрофонд хэрэглэх бүрхэвчийг тогтмол солино.
  • Өрөөг  хоёр цаг тутамд цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.

Үсчин, гоо сайхан, хумс заслийн үйл ажиллагаа:

  • Хүн хоорондын зайг хоёр метрээс багагүй байлгана.
  • Ажиллагсад нь амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хаалт, нийлэг хальсан хормогч, даавуун болон цаасан тохойвч хэрэглэх, эдгээрийг солих нөөцийг бүрдүүлэх
  • Үйлчлүүлэгчдийг аль болох бөөгнөрүүлэхгүй, цагийн хуваарийн дагуу авах,
  • Гоо сайхны нэг өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчилнэ

Нийтийн халуун ус, саун, бассейн:

  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилсан захиалга авч хэвших
  • Халуун усны шүршүүр, массажны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчилнэ.
  • Бассейны усыг зааврын дагуу халдваргүйжүүлж, үлдэгдэл хлорын хэмжээнд өдөр бүр  дотоодын хяналт тавьж, улирал тутам мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна.

Амралтын газрууд:

  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс тухайн амралтын газрын өрөө, орны хүрэлцээнээс хэтрэхгүй үйлчлүүлэгчдийн захиалгыг авах ёстой.
  • Үйлчлүүлэгчдийн өглөө, өдөр, оройн хоолыг нэг цагт зохион байгуулахгүй байх, хоолны үйлчилгээг аль болох өрөөнд үзүүлэх
  • Нүхэн жорлон болон бохир усны цооногт сар бүр халдваргүйжүүлэлт хийнэ.
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх,

Биеийн тамир, спорт, бялдаржуулах, чийрэгжүүлэх төвүүд:

  • Сургалтын байр, тоног төхөөрөмж, хэрэгсэл, зориулалтын хувцсыг тухай бүрт нь цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.
  • Агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд тогтмол хийнэ.

Соёл урлаг, музей, үзвэр, үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглааны үед мөн тодорхой журмыг баримтална. Тухайлбал,

  • Хамт явж байгаа биш бол үзвэрийн танхимд нэг суудал алгасуулж суулгана.
  • Танхим 50 хувийн дүүргэлттэй байна.
  • Тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлнэ
  • Тасалбар авах хэсэгт бөөгнөрөл, дугаарлалт үүсгэхгүй.
  • Кино театр дахь үзвэрийн зориулалттай нүдний шилийг заавал халдваргүйжүүлснээр дараагийн үйлчлүүлэгчид өгнө.
  • Шашны байгууллага хурал ном зохион байгуулахдаа бүгд хоёр метрийн зай барина, буяны төлбөрийг бэлэн мөнгөөр хийхгүй.

Бүх сургалтын төвүүд:

  • Хүн хооронд болон ширээний зайг 2 метрээс багагүй байлгана.
  • Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын гарын авлага, үзэг бал зэрэг эд зүйлсийг суралцагч хоорондоо дамжуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдваргүйжүүлж дамжуулах,