УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон гэх хүмүүстэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан зарим хүн хууль бус наймаанд оролцсон гэх мэдээлэл маш нууцын зэрэглэлтэйгээр манай байнгын хороонд өмнө нь ирсэн байсан. Үүнийг хилийн чандад ял эдэлж буй Монгол иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн. Нийт 69 иргэний мэдээлэл байна. Тэдний зарим нь дипламат төлөөлөгчдийн газар буюу Гадаад харилцааны яаманд харъяалагддаг, зарим нь Монгол Улсын төрийн албанд харъяалагдаж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна, зарим нь улс төрийн намуудын удирдах түвшний хүн, зарим нь дипломат болон албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн Монгол Улсын иргэд байгаа. 

Дээрх 69 хүнээс эхний ээлжид зургаан албан тушаалтан нь чөлөөлөгдсөн байна. Тодруулбал,

  1. Х.Даваадорж- Бельги улс дахь Элчин сайдын яам болон Европын холбоо, Бенилюксийн орнуудын Элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Үндэслэл нь хил дамнасан хууль бус наймаанд оролцсон.
  2. А.Батсайхан- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. 2003-2007 онд Польш улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байх үедээ ОХУ-аас их хэмжээний янжуур тамхийг хууль бусаар Европын холбооны улс руу дипломат дугаартай автомашинаар тээвэрлэсэн зөрчилд холбогдсон.
  3. Д.Мөнх-Эрдэнэ- БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан.
  4. Б.Баттүшиг- Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын Дэд консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Хар тамхи их хэмжээгээр тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж байгаа.
  5. С.Эрдэнэбаяр- Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын жолоочийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Хар тамхи их хэмжээгээр тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж байгаа.
  6. С.Эрдэнэ- БНХАУ-ын Хонконг хотод суугаа Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Вена дахь Элчин сайдын яаманд Аттешагаар ажиллаж байхдаа 2004 оны есдүгээр сард холбооны ХБНГУ-ын Левцек хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байсан гэх үндэслэлээр дээрх 6 хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Дээрх 69 хүн нь Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэд юм" хэмээн мэдээллээ.

Тус 69 хүний нэрийн жагсаалт, лавлагааг ЭНД дарж харна уу.