Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Улмаар олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулна гэж үзжээ.


Энэ үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар болсныг хүргэж байна.

Үүнд:

- Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой. Өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.


Дараах 10 чиглэлийн байгууллага ажиллана.

- Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд дараах байгууллагууд багтаж байна.

  • Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
  • Хэвлэл мэдээлэл
  • Харилцаа холбоо, шуудан
  • Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
  • Шуудан харилцаа холбоо
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт