Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан гэдгийг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тус шинжилгээний хариуг Наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд зарлах журамтай аж. Гэвч өнөөдрийг хүртэл зарлаагүй байна. 

Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариу гарсныг мэдэгдсэний дараа хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд мэдэгдэл хийж эхэллээ.

Бөхчүүдийн мэдэгдэж буйгаар Наадмыг зохион байгуулах хороо бөхчүүдийн шинжилгээний хариуг  тус бүрт нь хэлсэн байна.

Допингийн шинжилгээг Үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхөөс авдаг. Одоогоор дээрх 16 бөхөөс 8 нь мэдэгдэл хийлээ.

"Допинг илрээгүй гэсэн шинжилгээний хариу ирсэн" хэмээн мэдэгдэл хийсэн бөхчүүдийг хүргэж байна.

1.Монгол Улсын Арслан Ц.Содномдорж: 8 дугаар сарын 9-нд Наадмыг зохион байгуулах хорооноос над руу ярьсан. "Таны шинжилгээний хариу ирлээ, таны биеэс хориотой эмийн бодис илэрсэнгүй" гэдгийг хэлсэн. Шинжилгээний хариуг ил болгож, допинг илэрсэн хоёр бөхийг зарлахыг Наадмыг зохион байгуулах комисс болон Шадар сайдаас хүсэж байна.


2. Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс: Энэ жилийн допингийн шинжилгээний хариу ирсэн байна лээ. Над руу 8 дугаар сарын 09-нд Баяр наадмын комиссоос ярьж, танаас хориотой эмийн бодис илрээгүй гэж мэдэгдсэн. Тиймээс Баяр наадмын комиссоос шинжилгээний хариуг ил болгохыг хүсэж байна.


3. Монгол Улсын аварга Н.Батсуурь: Миний допингийн шинжилгээний хариу исэн. Баяр наадмын комиссоос 8 дугаар сарын 9-нд миний биеэс хориотой эмийн бодис илрээгүйг хэлсэн. 


4. Монгол Улсын начин А.Давааням: 2019 оны 8 дугаар сарын 9-нд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос миний биед ямар нэгэн хориотой эмийн бэлдмэл илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн.


5. Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий: Баяр наадмын комиссоос миний шинжилгээнээс хориотой бодис илрээгүй гэж мэдэгдлээ.


6. Монгол Улсын начин Б.Цэдэнсодном: Жил бүр улсын наадамд 5 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн байна. 8 дугаар сарын 9-нд Наадмын комиссоос над руу залгаж, "Таны шинжилгээний хариунаас хориотой жмийн бодис илрээгүй" гэж мэдэгдсэн. Тиймээс Наадмын комисс шинжилгээний хариуг олон нийтэд зарлахыг хүсэж байна.


7. Монгол Улсын аварга С.Мөнхбат: Ардын хувьсгалын 98 жилийн ойн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирсэн байна. Миний биед допингийн ямар нэгэн бодис илрээгүй нь тогтоогдсон гэж над руу ярьсан.


8. Монгол Улсын харцага Д.Анар: Миний допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допингийн ямар нэгэн химийн бодис гараагүй гэж мэдэгдсэн.


9. Монгол Улсын начин Э.Энхбат: Наадмаас хойш хөдөө явж байгаад өнөөдөр утсаа асаатал Наадмыг зохион байгуулах комиссоос над руу допингийн шинжилгээний хариуг мэдэгдэх гэж залгасан байна. Надаас хориотой бодис илрээгүй байна.


10. Монгол Улсын начин Б.Орхонбаяр: Дөнгөж сая над руу Допингийн эсрэг үндэсний төвөөс миний биеэс допингийн төрлийн ямар ч бодис илрээгүйг мэдэгдлээ. Би өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумандаа цолныхоо мялаалга бэсрэг наадам хийж байна.


11. Монгол Улсын аварга Ч.Санжаадамба: Энэ сарын 09-ний өглөө Баяр наадмын комиссоос над руу ярьсан. "Таны шинжилгээний хариу ирлээ. Допингийн төрөлд ордог эм бэлдмэл илэрсэнгүй" гэж мэдэгдсэн.


12. Монгол Улсын начин Н.Баярбаатар: Баяр наадмыг зохион байгуулах комиссоос төрийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн нэг болох миний биеэс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй болохыг надад албан ёсоор мэдэгдсэн.


13. Мөн Монгол Улсын гарьд Б.Гончигдамба өөрийн биеэр албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч "Энэ сарын 9-нд Наадмыг зохион байгуулах комиссоос утсаар ярьж ямар нэгэн бодис илрээгүй" гэдгийг хэлсэн гэх мэдээлэл цахим хуудаснаа нийтлэгдсэн байна. 


14. Монгол Улсын Өсөх идэр начин Д.Цэрэнтогтох: Надаас допингийн төрлийн ямар нэгэн эм бэлдмэл илрээгүй.

Улмаар шөвгөрсөн 16 бөхөөс Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар ямар нэгэн мэдээлэл хийлгүй үлдээд байна.