УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 2021 оны төсвийн талаарх УИХ дахь АН-ын бүлгийн үзэл, дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.

Тэрээр "Бэлэн мөнгө тарааж, халамжийг нэмэгдүүлснээр ядуурлаас гарч ажилгүйдлийг шийдвэрлэсэн улс байдаггүй. Засгийн газар өргөн барьсан төсвийн төслөө эргүүлэн татаж, сайжруулан дахин өргөн барих шаардлагатай. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах 5 шийдлийг санал болгож байна" хэмээлээ.


2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах АН-ын санал болгож буй 5 шийдэл

1. Үндэсний Аудитын газраас төсвийн орлого бүрдэх нь хүндрэлтэй, гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөө цагт тэвчиж болох зардлуудыг 20 хүртэлх хувиар бууруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Харин бид энэ зардлыг 40 хувьд хүргэх боломж байна гэж үзэж байна. Төсвийн байгууллагын аливаа сургалт, семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг эрс багасгах, төрөөс иргэд, ААН-үүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар зардлыг эрс бууруулах бүрэн боломж байна. 

2. Хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд 149 төслийг нэг жил царцаахад 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэж болохоор байна. Нэмээд уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хувийг ЖДҮДС-д төвлөрүүлэх бүрэн боломжтой. Зөвхөн энэ хоёр хэмнэлтээс нэг их наял төгрөгийг хэмнэж импортыг орлох, ажлын байрыг нэмэгдүүлж буй ААН, ЖДҮ-ийг дэмжиж болно.

3. Төрийн албан тушаалын хийдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төрийн албыг цомхотгох, ялангуяа дэд сайд, агентлагийг дэд дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаалын давхардлыг арилгах нь эдийн засаг хямарсан энэ үед зайлшгүй хийх ёстой арга хэмжээ юм.

4. Монгол Улсын хэмжээнд 32 их наяд төгрөгийн хөрөнгөтэй төрийн өмчит олон зуун компани, үйлдвэрийн газрууд нь үр өгөөж багатай, ашиггүй ажиллаж байна. Төрийн өмчит компаниудыг үр дүнтэй удирдлагын тогтолцоонд шилжүүлж сайжруулах, хувьчлалыг хойш тавилгүй эхлүүлэх хэрэгтэй. 

5. Улсын төсөв бол дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. 100 орчим суманд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавиагүй мөртлөө нэг сумын нэг багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тооцоо, судалгаа бодит бус болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.4, 6.2.1, 6.4.7, 6.4.8, 6.5.1, 6.5.6, 27.1.2 зэрэг олон заалтыг зөрчиж байна.

Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд "Төсвийн зардлаа танаж, алдагдал багатай батлах, гадаад өрийн дарамтыг эрс багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх зарчмууд өргөн барьсан төсвийн төсөлд тусгалаа олсонгүй. Иймд Засгийн газар өргөн барьсан төсвийн төслөө эргүүлэн татаж, сайжруулан дахин өргөн барих шаардлагатай гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Харин төрд татвар төлөгчдийн мөнгө гэж бий гэдгийг байнга санаж байхыг та бүхэнд анхааруулж байна" хэмээлээ.