Жаргалтай байх тал дээр хүн бүр л хүссэн зүйлээ хий, сэтгэл санааг чинь өргөдөг дуунуудаа сонс гэх мэтээр энгийн хэдхэн л аргыг санал болгодог билээ. Гэвч бид бүгд л жаргалтай байх нь тийм амархан зүйл биш гэдгийг мэднэ. Зарим тохиолдолд тавхан минут бүжиглэхэд л аз жаргалыг мэдэрдэг бол зарим үед үнэхээр юу ч тус боломгүй байх нь ч бий. 

Аз жаргалыг маш олон зүйлс нийлж байж бүтээдэг хэдий ч бид жаргалтай байх энгийн нэг аргыг үргэлж мартчихаад байдаг. Тэр юу вэ гэвэл, өөрт үнэхээр хамааралтай зүйлд л анхааралаа хандуулж, элдэв янзын сөрөг зүйлсийг үлдэн хөөх юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийнхөө аз жаргалд өөрсдөө саад болдог. Тэгвэл та доорх жишээнүүдийг уншаад хэрэв танд тохиолддог зүйл байх аваас өөрийн хэв маягаа өөрчлөн аз жаргалтай байхдаа илүү их анхааралаа хандуулаарай. 


Харьцуулалт

Хүмүүс юу гэж ярьдаг гээч? Харьцуулалт хийх нь аз жаргалыг хулгайлдаг гэдэг. Тэр нь ч худал зүйл биш. Хэрэв таны тархи үргэлж л өөрийн амжилт бүтээлийг бусадтай харьцуулаад байвал та хэчнээн амжилттай байсан ч сэтгэл ханахгүй. Харин сэтгэл ханамжгүй байх нь аз жаргалгүй болоход чиглүүлдэг шүү дээ. Тиймээс дараагийн удаа та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байгаагаа анзаарвал хүн бүр өөр өөрийн замаар, өөрсдийн цаг хугацаандаа амьдарч байгаа гэдгийг санаарай. 


Үргэлж ирээдүйн тухай бодох

Тийм ээ, та үнэхээр зогсоо зайгүй ирээдүйнхээ тухай бодоод байж болохгүй. Ойрын таван жилийн төлөвлөгөө эсвэл энэ жилийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө хэсэг хугацаанд л бодоод санаад авахад болох шүү дээ. Хэрэв та цаг мөч бүрт ирээдүйнхээ тухай бодож, юу болж болох талаар таагаад байвал одоо цагт амьдрахаа больчихно. Хүн гэдэг хэдий ирээдүйгээ төлөвлөж бодож байх учиртай ч одоо цагтаа ч бас амьдрах хэрэгтэй шүү. 


Эмх замбараагүй байдал

Өөрийн амьдран суудаг орчиноо цэвэрхэн байлгах ч бас аз жаргалтай байхад нөлөөлнө. Тодорхой цаг гаргаад өөрийн эд хогшилыг эмхэлж цэгцлэхэд зориулаарай. Ялангуяа гэрээсээ ажилж байгаа үед энэ үнэхээр чухал юм. Таны гэр таныг тайвшруулагч байх учиртай бөгөөд танд стресс нэмэх нэг хүчин зүйл байж яав ч таарахгүй. 


Утсаа ухах

Та үүнийг аль хэдийн мэдэх байх, гэхдээ хэтэрхий их цагийг утасаа үзэж, сошиал медиад өнгөрүүлэх нь таны сэтгэхүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Хэрэв та шөнө оройны нойроо хугаслан утасаа ширтэж байгаа бол ядаж л сануулах сэрүүлэг тохируулахаас эхэлж болно. Цаашилбал утсаа өөр өрөөнд орхиод унтдаг болбол бүр л сайн шүү. 


Сөрөг бодлууд

Бодол биелдэг гэдэг шүү дээ. Таагүй өдөр тохиовол хэн нэг дотны хүнтэйгээ ярилцах нь маш энгийн бас эрүүл үйлдэл юм. Харин эсрэгээрээ таагүй, муу зүйлсийн тухай тасралтгүй бодох нь асуудал үүсгэж эхэлдэг. Та өөрийн оюун ухааныг удирдаж, эерэг сайхан зүйлст төвлөрөхөд сургах хэрэгтэй. Ингэснээр таны хандлага ч өөрчлөгдөж, ажил үйлсэд тань ч ахиц гарна. 


Хорон найзууд

Хэрэв таны найз нөхөд таны ажил амьдралыг ойлгодоггүй, таны аз жаргалтай байхыг үзэж чаддаггүй бол эртхэн больсон нь дээр. Хэрэв та шууд л харилцаагаа таслаад орхихыг хүсэхгүй байгаа бол тэдний гаргадаг, танд тухгүй араншин, хандлагыг засч хэлж болно. Жишээлбэл, "Би нөхөрлөлөө үнэхээр үнэлдэг. Гэхдээ бид зарим зүйлсийг жаахан хэмжээ хязгаартай болгож өөрчлөх хэрэгтэй юм шиг байна" гэх мэтээр ярилцаж болох шүү.


Хэтэрхий их мэдээлэл хүлээн авах

Мэдээж огт мэдээлэлгүй яваад байж болохгүй ч цаг зав гарах бүрт телевизийн мэдээ чагнаж, цахим сонин гарчиглана гэдэг таарахгүй. Өглөө оройдоо л өдрийн тойм болоод онцлох мэдээг хүлээж авч байх нь хангалттай бөгөөд хэт их сөрөг мэдээлэл нэг дор хүлээн авах нь таны аз жаргалтай байхад ч сөргөөр нөлөөлдөг гэнэ6

Д витамины дутагдал

Гэрээсээ ажиллах нь шинэ хэв маяг болсон энэ цаг үед бид нэг цахим шуудан унших гэж суугаад л компьютертоо хадагдчих нь энгийн үзэгдэл болжээ. Тиймээс өдөрт дор хаяж 15-20 минут гадаа нарны илчинд алхах цаг гаргаж байгаарай. Нарлаг сайхан өдөр гадуур зугаалах нь тэр чигтээ л аз жаргалыг мэдрүүлж байдаг шүү дээ. 


Ямар ч хэмжээ хязгааргүй байдал

Ажил, гэр бүл, эсвэл дээр дурьдсан шиг нөхөрлөл, үерхэл алин ч байсан өөрсдийн гэсэн хэмжээ хязгаартай байх ёстой. Эдгээр нь ямар ч хэмжээ хязгааргүй байснаар таны өөртөө зарцуулах цагийг хумсалж улмаар аз жаргалгүй байхад хүргэдэг юм. 


Хэтэрхий их анхаарал хандуулах

Мэдээж хүн өөрт хамаатай зүйлсдээ анхааралаа хандуулах ёстой ч тунг нь тааруулдаг байх хэрэгтэй. Хэрэв та бусад хүмүүст хэтэрхий их анхаарал халамж тавьж, тэдний сэтгэл мэдрэмжийг өөрийнхөөсөө урьдаар тавьдаг бол та аль хэдин өөрийнхөө хувьд хоёрдугаарт бичигддэг болжээ. Зарим үед багахан амиа хичээж байх нь аз жаргалтай байхад тусалдаг гэнэ шүү.



Эх сурвалж: Poosh