Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой  мэдээллийг бүртгэдэг. Үндсэндээ та зээл авахад хэр найдвартай хүн бэ гэдгийг энэ түүх бэлхэн харуулж чадна. Харин иргэн тухайн зээлээ цаг тухайд нь төлөөгүй бол Монгол банкин дахь энэхүү хар дансанд бүртгэгддэг.

Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног-Хэвийн
  • 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног-Хэвийн бус
  • 181-360 хоног-Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног-Муу

Хэрэв зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан бол мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг 6 жилийн дараа зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй болох юм.

Харин  Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг өөрчлөх тохиолдолд;

  1. Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.
  2. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.
  3. Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргийг харгалзан үздэг.

Эдгээрээс бусад тохиолдолд Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжгүй тул санхүүгийн харилцагч та төлбөрийн харилцаанд орох үүрэг хүлээсэн гэрээний дагуу төлбөр болон зээлээ цаг хугацаанд нь төлж байх шаардлагатай юм. Түүнчлэн та тухайн үйлчилгээний байгууллагын найдвартай үйлчлүүлэгч байх, сонгосон зээлээ төлж чадах эсэх чадамжаа тодорхойлж байж гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээхийг зөвлөж байна.  

Эх сурвалж: Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв