Цалин, хөлсний талаар иргэдээс ирүүлдэг түгээмэл асуултын хариултыг хүргэж байна.

-Нэмэгдэл хөлс гэж юу вэ?

-Нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд  ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. 

Нэмэгдэл хөлсөнд илүү болон шөнийн цагаар, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлс, ажил мэргэжил, албан тушаал хавсран болон хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй тэдгээртэй адилтгах нэмэгдэл хөлс хамаарна.

-Ажлын цаг хэд байх ёстой вэ?

-Ажлын цаг гэж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил, үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу тогтоосон өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг хэлнэ. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажилд ажлын цаг нь нэг ээлжийн 8 цаг, долоо хоногийн 40 цаг байна.

Ердийн ажлын цаг -  Хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажилд ажлын цаг нь нэг ээлжийн 8 цаг, долоо хоногийн 40 цаг байна.

Богиносгосон ажлын цаг - Ердийн цагийн үргэлжлэлийг багасгаж хорогдуулсан ажлын цагийг хэлнэ.

Бүрэн бус ажлын цаг - Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ердийн болон богиносгосон ажлын цагийг хорогдуулан тогтоосон ажлын цаг болно. Бүтэн бус ажлын цаг нь хорогдуулсан шинжтэй байдгаараа богиносгосон ажлын цагтай ижил боловч эрх зүйн зохицуулалтаар нь ялгаж болно.

Уртасгасан ажлын цаг - Ердийн ажлын цагийн үргэлжлэлийг нэмэгдүүлсэн шинжтэй байгааг ойлгоно. Практикт уртасгасан ажлын цагийг илүү цаг гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар нэмэгдүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулах гэдэг.

-Цалингийн нэмэгдэл гэж юу вэ?

-Нэмэгдэл гэж ажилтан, албан хаагчийг хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд болон ердийнхөөс илүү өндөр үүрэг хариуцлага хүлээлгэн ажиллуулсан, эсхүл мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын дадлага, туршлагыг нь ашигласны төлөө ажил олгогчоос үндсэн цалин дээр нь нэмж төлж буй хөлсийг хэлнэ.

Нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан /төрийн алба хаасан хугацааны/ хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цол зэрэг дэвийн, мэргэжлийн ба эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй тэдгээртэй адилтгах нэмэгдлүүд орно.

-Үндсэн цалин гэж юу вэ?

-Үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр  болон цагаар тарифт цалин, албан тушаалын цалин, ажлын онцлог, ажилтны онцгой ур чадварыг үндэслэн контракт болон хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад баталгаат хөлс хамаарна. 

-Шагнал, урамшуулал гэж юуг хэлэх вэ?

-Шагнал, урамшуулал гэж ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олж буй мөнгөн урамшууллыг хэлнэ. Үүнд урамшуулал, онцгой үүрэг даалгавар гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй мөнгөн урамшуулал орно. 


Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам