Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэх нь тус өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга юм.

Австрали улс 2014 онд улаанбурхан өвчнөөс ангижирсан улс гэдгээ зарласан. Гэсэн ч Шинэ Өмнөд Уэллс болон Викториа, Өмнөд Австрали, Квинсланд зэрэг газруудад өнгөрсөн зун тус өвчний хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний нийтийг хамарсан дархлаажуулалтаас үүдэн уг өвчний вирус тархахаас сэрэмжилж чадсан ч гадны жуулчид нь санамсаргүйгээр авчрах эрсдэлтэй гэнэ. 

Хэрвээ улаанбурхан өвчний вакцинжуулалтад хамрагдаагүй бол тус өвчнөөр өвдөх магадлал өндөр юм.


Хэрхэн өвчний халдварыг авдаг вэ?

Улаанбурхан нь маш амархан халдварладаг вирус юм. Уг өвчнөөр өвчилсөн хүнд хүрэх эсвэл нэг агаараар амьсгалахад л вирусээр халдварлах хангалттай шалтгаан болдог. Вирус нь агаар болон халдвартай гадаргуу дээр хоёр цаг хүртэлх хугацаанд тэсвэртэй байдаг. Халдвар авсан хүнд эхний өдрөөс эхлэн халуурах, ханиалгах,  нус гойжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд нь тууралт үүсэхээс дөрвөн хоногийн өмнө эхэлдэг. Тиймээс халдвартай гэдгээ мэдэхээс өмнө бусдад тараах эрсдэл учруулдаг.

Хэрвээ тус өвчний вакцинд хамрагдаагүй бол халдвар авах магадлал 90 хувьтай аж. Нэг кафед халдвартай этгээдтэй хооллох, эсвэл нислэгийн үеэр эсвэл хүлээлгийн танхимд байлцах зэрэг нь тус вирусаар өвчлөх хангалттай шалтгаан болдог байна.


Улаанбурхан нь яагаад аюултай вэ?

Дээр дурьдсан эхний шинж тэмдгүүд илрэн биеэр жижиг улаан тууралтууд гардаг. Цаашлаад дунд чихний халдвар, цээжний халдвар (уушгиний хатгалгаа), суулгалтын шалтгаан болдог.

Тархи хавдах болон тархи нугасны үрэвсэл нь 1000-д нэг удаа тохиолддог ба тархины байнгын гэмтэл эсвэл үхэлд хүргэдэг. 2017 онд дэлхий дахинд 110 мянга гаруй хүн улаанбурхнаар нас баржээ.

Хэдийгээр анхны өвчлөлөөс амьд үлдсэн ч гэсэн улаанбурхан олон жилийн дараа хор уршиг, хүндрэл (тархины үрэвсэл) учруулж болно. 


Хэрвээ та вакцин хийлгээгүй бол яах вэ?

Харамсалтай нь тус өвчнийг эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. Нэн даруй вакцин хийлгэх нь тус өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга юм. Хэрвээ дээр дурьдсан шинж тэмдэг илэрвэл даруйхан эмчид хандан бусдад халдаахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэхэд оройтохгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.


Эх сурвалж: https://www.sbs.com.au