Монголчууд бид ирэх жилдээ элбэг хангалуун байхыг бэлгэдэж, Сар шинийн өдрүүдэд идээ, зоогоор ширээгээ дүүргэж, биесээ дайлдаг уламжлалтай. Ялангуя мах, бууз, нийслэл салатыг түлхий иддэг. Үүнтэй холбоотойгоор өдөрт хэр хэмжээтэй хооллох нь эрүүл мэндэд зохистой талаар хүргэж байна.


Цагаан сарын зөвлөмж

1. Мах

Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180г байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна.

Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг. Үүнд:

  • Бие махбодыг хордуулах
  • Жин нэмэх
  • Өтгөн хатах
  • Зүрх судасны эмгэг үүсэх
  • Даралт ихсэх
  • Ходоод гэдэсний эмгэг үүсэх
  • Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
  • Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.


2. Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ.

Хоногт шаардлагатай хүнсний ногооны хэмжээ нь 400г байдаг. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв.

Ач холбогдол:

  • Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
  • Хоол боловсролтыг эрчимжүүлэх
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
  • Өтгөн хаталтаас сэргийлэх
  • Жин нэмэхээс сэргийлэх
  • Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
  • Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай


3. Ус, шингэн зүйл тогтмол уух нь зөв.

Хоногт шаардлагатай хэмжээ 2-2,5 л байдаг.

Усны ач холбогдол нь:

  • Жин нэмэхээс сэргийлнэ
  • Бие махбодыг цэвэрлэнэ
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ
  • Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
  • Даралт ихсэлтээс сэргийлнэ
  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ

Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.


4. Чихэр, чихэрлэг ундааны талаар:

Сахарын хоногийн хэрэглээ – 25-30 гр байдаг.

  • Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
  • Элэг өөхөлнө
  • Дархлаа сулруулна
  • Шимт бодисын шингэцийг бууруулна


Цагаан сараар хэрхэн жингээ барих вэ?

- 3 бууз идэхэд ойролцоогоор 261 ккал учир 49 минут алхах юмуу 25 минут гүйснээр тухайн илчлэгийг шатаана.

- 100 г нийслэл салат 403 ккал тул 76 минут алхах юмуу 37 минут гүйснээр илчлэгийг шатаана.

- 350 г хийжүүлсэн ундаа 150 ккал тул 28 минут алхах юмуу 14 минут гүйснээр илчлэгийг шатаана.

- 3 зүсэм хиам 77 ккал -  14 минут алхах юмуу 7 минут гүйснээр илчлэгийг шатаана.

- 1 зүсэм мах 54 ккал - 10 минут алхах юмуу 6 минут гүйснээр илчлэгийг шатаана.


Нэг хоногт авбал зохих илчлэгийн хэмжээ:

Эрэгтэй хүн - 2500 ккал

Эмэгтэй хүн - 2100 ккал



Эх сурвалж:  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв