2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07.00 цагт эхэллээ.

Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой. 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хуулийн хугацаа өчигдрийн 09.00 цагт эхэлж, 22.00 цагт дууссан. Иймд үлдсэн бүх хүн өнөөдөр санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө.


Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн өгөх

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.


Санал өгөх

Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.

Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.

Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.

Итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно.

Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, улс төрийн албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.


Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо