Зургаадугаар сарын 01: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрөөр хүн бүр хүүхэддээ, дүүдээ бэлэг өгдөг. Энэ жилийн хувьд шинэ коронавируст халдвар дэлхийн хэмжээнд цар тахалд хүрч, олон улсын ачаа тээвэр тодорхой хэмжээнд багассан учир хугацаа нь дууссан болон гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг дэлгүүр, худалдааны төвүүдэд борлуулах тохиолдол нэмэгдэж байна.

Иймд иргэд, эцэг эхчүүд хүүхдэд бэлэг авахдаа хаяг шошгыг сайтар харж, дараах 6 зүйлийг анхаарч сонгохыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.

2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/

3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,

4. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах,

5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх

6. Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.