Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлж буйтай холбоотойгоор 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд элсүүлэх цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Цахим бүртгэл https://tsetserleg.ulaanbaatar.mn/ сайтаар 24 цагийн турш явагдах бөгөөд өнөөдөр буюу 09 дүгээр сарын 18-ны 09:00 цагт эхэлж, 09 дүгээр сарын 21-ний 14:00 цагт хаагдана.

Бүртгэл хаагдсаны дараа буюу 09 дүгээр сарын 21-ний 16.00 цагаас "Цахим элсэлт-ийг цэцэрлэг бүр дээр зохион байгуулах бөгөөд цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, харъяа цэцэрлэгт нь элсүүлнэ. Элсэлтийн үр дүнгийн талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээнэ.

Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.

Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт цахимаар бүртгүүлэх зааврыг хүргэж байна. ЭНД дарж бүртгүүлнэ үү.