Эрүүл мэндийн даатгал болон хөнгөлөлттэй эмийн талаар иргэдээс ирүүлдэг түгээмэл асуултуудын хариултыг хүргэж байна.

- Харъяалал харгалзахгүй эмээ авч болох уу, Хэдэн төрлийн эмийг хэдэн хувиар хөнгөлдөг вэ?

- Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ. Харьяалал харгалзахгүй.

- Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн мэдээллийг хаанаас авах вэ?

- Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ бүхий эмийн сангийн мэдээллийг www.emd.gov.mn сайтаас Эмийн сангуудын төсвийг харах боломжтой. Мөн 7010-1128 утсаар лавлаад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

- Хүүхдээ асарч байгаа ээж эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх вэ?

- Хүүхдээ 2 / ихэр бол 3/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/-ийн шимтгэлийг төр хариуцдаг тул оршин суугаа хаягын дагуу нийгмийн даатгалын хэлтэст хандан дэвтэртээ баталгаажуулалт хийлгээрэй. Шимтгэл төлөлтийн төрөл өөрчлөгдөх бүрт заавал бүртгэлийн мэдээллээ шинэчлэх ёстой байдаг.

- "Эрүүл шүд- эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд зургаагаас дээш насны хүүхэд үзэх үү?

- Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой. 

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ. Сонгон шалгаруулалт тэнцсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

- Хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас авсан, мөн эм тарианы мөнгийг хаанаас авах вэ?

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын эрх болон үүргийн тухай заасан байдаг. Үүнд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон буцаан олгох үүрэгтэй тул хэвтүүлэн эмчлүүлсэн эмнэлгийн санхүүгийн газарт хандан өргөдөл гарган шийдвэрлүүлнэ.

- Хувийн эмнэлэгт хийлгэсэн оношлогоо, шинжилгээний төлбөрийг даатгалаас төлүүлж болох уу?

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан журам байдаг. Уг журамд өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу хийгдсэн оношилгоо, шинжилгээний төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэдийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр заасан байдаг.


Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар