Хүний эрхийг хэзээнээс баталгаажуулсан бэ?

Хүний эрх жам ёсны шинжтэй. Өөрөөр хэлбэл, хүний эдлэх эрхийг аль нэг төр эсвэл хэн нэгэн хүн өгдөггүй, бүтээдэггүй. Гэхдээ жам ёсны үнэт зүйлийг орчин үед хууль зүйн хэм хэмжээгээр баталгаажуулсан. Хүний сайн сайхан байдал, тэгш эрхийг баталгаажуулах нь энх тайван амьдралын үндэс болохыг дэлхийн хоёрдугаар дайны ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл хүн төрөлхтөнд ойлгуулсан. Иймээс энэ уй гашууг дахин амсахгүйн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргажээ. Энэхүү тунхаглалыг орчин үеийн хүний эрх, эрх чөлөөний хэм хэмжээний “Ээж” гэж хэлж болно. Тунхаглал батлагдсан 12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын хүний эрхийн өдөр хэмээн дэлхий даяар тэмдэглэх болсон байна.Тэгвэл хүний эрхийн тунхаглалаас таны заавал мэдэж байх ёстой зүйл, заалтуудыг хүргэж байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас...


1 дүгээр зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

2 дугаар зүйл:

Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй. 

3 дугаар зүйл

Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. 

4 дүгээр зүйл

 Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

5 дугаар зүйл

Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.

6 дугаар зүйл

Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.

7 дугаар зүйл

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй. 

8 дугаар зүйл

Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй. 

9 дүгээр зүйл

 Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.

10 дугаар зүйл

 Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. 

11 дүгээр зүйл

1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.

2. Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй. 

12 дугаар зүйл

Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл

 1. Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.

 2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй. 

14 дүгээр зүйл

 1. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.

 2. Улс төрийн бус гэмт хэргийн улмаас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдлэж үл болно.

15 дугаар зүйл

 1. Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй.

 2. Аливаа хүний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй. 

16 дугаар зүйл

1.Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдлэнэ. 

2. Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно. 

3. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй. 

17 дугаар зүйл

 1.Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй. 

2. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй

18 дугаар зүйл

 Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана. 

19 дүгээр зүйл

 Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана. 

20 дугаар зүйл

1. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй. 

2. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.